Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын нэгдүгээр хэсэг дуусав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Замын-Үүд суманд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын нэгдүгээр хэсэг энэ оны эхээр дуусав.
2011 онд БНХАУ-ын 58.8 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дулааны станц, цахилгаан дамжуулах дэд станц, цэвэр бохир усны сүлжээ, усан хангамж, ариутгах татуургын байгууламж зэргийг барьж эхэлсэн юм. Энэ талаар Замын-Үүдийн Чөлөөт бүсийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбатаас тодруулахад “Чөлөөт бүсийн 900 га газрын 280 га-д дэд бүтцийн ажлыг хийж дууссан. Одоо мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн техникийн комисс ажиллаж хяналтаа тавьж байна. Үүний дараа улсын комисст хүлээлгэн өгч ирэх тавдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Бид өнгөрөгч 2015 оны тав, долоо, 10 дугаар сард чөлөөт бүсэд хөрөнгө оруулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарлахад үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, үйлчилгээний чиглэлээр найман компани үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан” гэв.
Х.Эрдэнэбулган