Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Сономпилийг томилохоор дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-14 14:47:08

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн М.Сономпилийг олонхийн саналаар дэмжлээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн М.Сономпилийн нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан юм. М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Н.Энхболд "Тус байнгын хороо нь улс орны үндэсний эрх ашиг, тусгааар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг тул байнгын хорооны шийдвэр зөв оновчтой гарах, хэрэгжилт нь үр дүнтэй байхад улс төрөөс ангид байх явдал чухал нөлөөтэй. Иймээс өмнөх уламжлалын дагуу аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нэгдсэн ойлголцол, зөвшилцөл, үндэсний нэгдмэл эрх ашгийн үүднээс хандаж байх хэрэгтэй" хэмээн нэр дэвшигчид захив.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь тус байнгын хорооны даргаар богино хугацаанд ажиллахдаа төрийн бодлогын залгамж чанар, ирээдүйн зорилтыг иш үндэс болгон бодлогын чанартай хэд хэдэн чухал баримт бичгийг батлан гарахад санаачилгатай ажилласан гэж үзэж буйгаа хэлснийг байнгын хорооны гишүүд дэмжиж, Ж.Энхбаяр гишүүнд талархал илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь УИХ-ын гишүүн М.Сономпилийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулахаар шийдвэрлэв. Харин байнгын хороогоор хэлэлцэх байсан бусад асуудлыг хойшлуулсан юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ