Баруун таван аймгаас анх удаа БНХАУ- руу түүхий мах экспортолно

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2016-01-14 15:21:11

Шийдлийн Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, салбарынхаа бодлого төлөвлөлт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд тус салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх талаар хэд хэдэн ажил хийснийг онцлоод, юуны түрүүнд дараагийн 10 жилд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг УИХ-аар баталсан гэв. Бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэн, бүсчлэн эрүүлжүүлэх бодлого барьж байна. Өмнө нь шүлхий зэрэг халдварт өвчнөөс болж Монгол Улс мах махан бүтээгдэхүүнээ импортоор гаргахгүй гэдэг байсан. Тиймээс бүсчилсэн эрүүлжүүлэх бодлого барихын зэрэгцээ өвчин гараагүй аймгуудаа эрүүл бүс болгож, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж экспортоор мах махан бүтээгдэхүүн гаргах бодлого барихаар төлөвлөн ажилласан. Үүний дүнд өнгөрөгч 2015 онд баруун таван аймгаа Эрүүл бүсээр тогтоож, 20 гаруй удаагийн гэрээ хэлэлцээ хийсний дүнд анх удаа БНХАУ руу түүхий мах, махан бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Түүхий мах экспортлох протоколд ирэх долоо хоногт эцсийн байдлаар гарын үсэг зурах аж.

Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажиллаж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын хоёрхон үйлдвэр зөвхөн нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын найман муж руу 26 үйлдвэр, мөн БНСВУ улсад  дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна.

Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн 1 оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо.

Газар тариалангийн салбарт хөрсний үржил шимд ээлтэй таримал сортын технологийг нутагшуулах, сортын тариалан үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, хөрс боловсруулах элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттай бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хүнсний салбарт импортыг орлох хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдвэрлэл, импортыг хязгаарлахад анхаарч байгааг Р.Бурмаа сайд онцолж байв.

Мөн 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас эргэн төлөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн бол тариалалтад дутагдах 20.0 мян тн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ