Сайнцагаан, Баянцагаан сумд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:44:26

Сайнцагаан сум Төв аймгийн Баянцагаан болон өөрийн аймгийн Өлзийт сумтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Хамтын ажиллагааны гол зорилго нь байгаль цаг агаарын бэрхшээлтэй үед харилцан туслалцахад оршиж байгаа ажээ.

Малчид харилцан отор нүүдэл хийсэн үед эрүүл мэнд,  нийгмийн бусад үйлчилгээ, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байх, малчид оторлож яваа сумынхаа засаг захиргааны шаардлагыг биелүүлэх, тухайн орон нутгийн иргэдийн хүрээлэн буй орчинтойгоо харьцаж  ирсэн уламжлалыг хүндэтгэх, хог хаягдлаа цэвэрлэж, байгаль орчныг бохирдуулахгүй байх, мал сүргээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж тарилга, туулга хийлгэсний дараа оторт гарах, оторлож очсон малчдыг эв зүйгээр хүлээн авч, оторлох нөхцлийг бүрдүүлж өгөх зэргээр оторлох болон оторлуулах талуудын эрх үүргийг гэрээнд тусгажээ.

Одоогоор Сайнцагаан сумын малчдын отор нүүдлийн чиг тодорхойгүй байгаа бөгөөд хэрвээ өөрийн аймгийн Өлзийт, Төв аймгийн Баянцагаан сумын нутагт оторлох бол дээрхи хамтын ажиллагааны гэрээг баримлах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд