Чуулганы хуралдаан хоёр цагаар хоцорч эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 9 цагт эхлэх товтой ч ирц бүрдэхгүй байсаар 11 цагт эхлэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын гишүүдийг ажилдаа ирэхийг шаардав. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд ирсэн ч картаа уншуулахгүй байснаас ирц бүрдэхгүй байсан юм.
Хуралдааныг даргалагч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны дараа өглөөний 2 цагаа сунгаж хуралдана гэдгийг мэдэгдсэн. Өнөөдрийн хуралдааны эхэнд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч хуралдаан ийн хоёр цагийн дараа эхэллээ. МАН-ын бүлгийнхэн нэгэнт ирц бүрдсэн хойно картаа уншуулав.
УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гарагт 9 цагт эхлэх хуваарьтай байдаг. Өнөөдрийн тухайд хуралдаан ийн 128 минутаар хоцров. Чуулганы хуралдаан нийт гишүүдийн 51 хувь буюу 39 хүрч байж ирц бүрдсэнд тооцдог.
Б.Туул