Уран бичлэгийн сургалт анх удаа зохион байгуулагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн урилгаар Бичиг соёл Монголын уран бичлэгийн холбооны тэргүүн, сургагч багш нар хүрэлцэн ирж хоёр өдрийн сургалтыг Баруун-Урт хотод явуулж байна.
Монголын үнэт өв соёлын нэг болох Монгол бичгээ сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх энэ үйлийг олон нийт сайхнаар хүлээн авч, дэмжиж байгаа бөгөөд аймгийн нийтийн номын сангийн хамт олон, ахмад багш нар талархалаа илэрхийлжээ. Мөн Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн сурагчид, Баян-Эрхт шашны сургуулийн шавь сурагчид, 4-р БДС-ийн сурагчид, сонирхогч иргэд гээд 20 гаруй хүн сургалтанд хамрагдаж байна.
ЕБС-ийн хувьд Монгол бичгийн хичээл ордог хэдий ч цаг нь бага учир уншиж бичихээсээ илүү гардаггүй нь үнэн. Харин мэргэжлийн багш нар өөрсдөө нэгдэж хичээлийн бус цагаар энэ төрлийн секц дугуйлан хичээллүүлэх хэрэгтэй. Уг нь хүүхдүүд уран бичлэгийг ихээр сонирхдог ч өөрсдийгөө хөгжүүлэх боломж хомс байдаг гэдгийг Монгол Улсын гавъяат багш Ш. Чулуунбор нээлтийн үгэндээ онцоллоо.
Бичиг соёл Монголын уран бичлэгийн холбоо нь сүүлийн хоёр жилд үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа ба хөдөө орон нутгуудаар их явж үзэсгэлэн, сургалт сурталчилгааг хийх болжээ. Сүхбаатар аймаг тэдний хувьд 9 дэх аймаг нь болж байна.
Хичээлийнхээ хажуугаар уран бичлэгийн үзэсгэлэн гаргасан нь хүмүүсийн сонирхолыг ихээр татаж байсан юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Т. Одончимэг