Говь-Алтайн есөн гайхамшиг- Мазаалай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 11:29:43

Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий.

Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр 9 гайхамшигийг танилцуулж байна. 

ГИДЦГ-ын “А” хэсэг, Мазаалай

Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэг нь Төв Азийн хэт гандуу, эрс, тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамалан бүрхэвч сийрэг, ядмаг, хүн, мал нутаглахад тохиромжгүй зэлүүд нутаг бөгөөд Эдрэнгийн нуруунаас баруун өмнө зүг улсын хил хүртэлх 1085 км нутгийг хамарна. Говийн их дархан газрын баруунаас зүүнээ чиглэн тогтсон урт урт хотгорууд бол эртний их гүн ан цав бөгөөд эртний галт уулсын эвдэрч үйрсэн хүрмэн чулуу үлэмжхэн байдаг. Тус дархан газрын “А” хэсгийн төв дундуур баруун, зүүнээ чиглэн сунаж үргэлжилсэн Атас, Ингэс, Зүүн тооройн нуруу, Зараа хайрхан зэрэг их уулсаас хойш Эдрэнгийн нурууны өврөөр, мөн баруун, зүүнээс чиглэн сунаж орших уул, нуруу, шил сэрвэн, оорцог, уул бий. Уур амьсгалын хувьд Монгол орны хамгийн халуун хуурай, хур тунадас багатай нутгийн нэгэнд тооцогддог.

Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай. Энд Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан дэлхийд ховордсон, Олон улсын болон Монгол Улсын улаан номонд орсон мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтны өлгий нутаг юм. Алтайн өвөр говьд Монгол орны хамгийн том гүрвэл болох замба гүрвэл, мөн түүнчлэн нохой гүрвэл, говийн нүцгэн сарвуут геккон гүрвэл, говийн гүрвэл, монгол гүрвэл, загалт гүрвэл, нарийн могой, тэмээн сүүл могой, сум могой зэрэг ховор мөлхөгчид бий. Мазаалай  Монголын говьд эртний амьтад үүсч, өсч үржиж, мөхсөн гэдэг бөгөөд тэр үед мазаалайн төрөл амьдарч байсан гэж үздэг. Мазаалай бусад баавгайн төрлөөс хавьгүй эрт буюу 500-700 жилийн өмнө үүссэн байна. Мазаалай нь баавгайн төрөл дотроо хамгийн дасан зохицох чадвар сайтайд ордог гэжээ. Тодруулбал өвлийн хүйтэнд дунджаар -34 хэмээс зуны оргил үед 46 хэм хүртэл халуунд амьдардаг. Манай говьд 20 гаруй  толгой мазаалай үлджээ. Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайн Цагаан богд, Атас, Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байгаа аж. Хэдхэн жилийн өмнө 50 гаруй мазаалай байсан ч дэлхийн дулаарал болон бусад шалтгаанаар хоёр дахин хороãдоод байна. Мазаалай бол Монголын "Улаан ном"-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Нас биед хүрсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжөөд ихэвчлэн ихэр аламцаг төрүүлдэг байна. Харин шармаахай зун нь хүрэн бор, өвөл хаварт бор саарал зүстэй болдог ажээ. Хүзүү хөл нь их биеэсээ бараан байдаг бөгөөд хэнхдэг хүзүүнийхээ угт цайвар толботой байдаг. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 сантиметр байдаг.

Ш.Цоодол

Холбоотой мэдээ