Сирийн дүрвэгч Нидерландад өөрийгөө шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-22 10:10:06

ГААГ. /TASS/. Сирийн нэгэн дүрвэгч Голландын Зандам хотын ойролцоох хоргодох газар хайгчдыг хүлээн авах төвд өөрийгөө шатаасан хэрэг лхагва гарагийн орой гарлаа гэж “Noordhollands Dagblad” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, уг эрэгтэй Сирийн Алеппо хотоос ирсэн байна. Тэрбээр өөр дээрээ шатамхай шингэн асгаж, асаасныхаа дараа би Туркт үлдсэн хүүхдүүдээ хармаар байна гэж хашгирч эхэлсэн байна. Сириэс ирсэн бас нэг дүрвэгч түүний галыг унтрааж, түргэн тусламж дууджээ. Эрэгтэйг хамгийн ойрхон оршдог эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нарын хэлснээр, дүрвэгчийн амь насанд ноцтой аюул учраагүй байна. Сирийн дүрвэгч Зандам хотын дэргэдэх майхан хуаранд таван сар амьдарч байгаа хоргодох газар хайгчдын нэг аж. Тэднийг тус хуаранд ирсний дараа гаргасан хүсэлтүүдийг нь гурван сарын дотор хэлэлцэж эхэлнэ гэж хэлсэн боловч одоог хүртэл эхлээгүй байгаа ажээ. Дүрвэгсдийн зарим нь өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна. Бичиг баримт удаан бүрдүүлж байгаатай холбоотойгоор Нидерландад дүрвэгсэд бухамдах нь нэмэгдэж байгааг ажиглагчид хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Тер-Апел хотын төвд Иракаас хоргодох газар хайж ирсэн дүрвэгч өөрийгөө дүүжилсэн нь үүнийг нотолж байгаа юм. 30 настай байсан эрэгтэйд хүсэлтийг нь шийдвэрлэх үйл явц зургаан сарын дараагаас нааш эхлэхгүй гэж мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ