Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайд С.В. Лавров нарын хэлэлцээ амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-14 13:59:04

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В. Лавровын урилгаар 9 дүгээр сарын 10-11 ны өдрүүдэд ОХУ-д  айлчлав.

Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Хоёр орны Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, улам гүнзгийрүүлэх зорилгоор Дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед эцэслэн байгуулах, энэ чиглэлээрх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг цэгцлэн данслах ажлыг сэргээн үргэлжлүүлэхээр тохиров.  Мөн 2016 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг хамтран гаргахаар болов.

Хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор Улаанбаатар Төмөр зам, Монголросцвет, Эрдэнэт үйлдвэр зэрэг үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, цаашид хамтын ажиллагааны томоохон шинэ төслүүд эхлүүлэх боломжийг судлах, Монгол, Орос, Хятадын 3 талт хамтын ажиллагааг дэмжижи ажиллахаа талууд тэмдэглэв. Олон улсын болон бүс нутгийн  асуудлаар ГХ-ийн сайд нар санал солилцсоны дотор оросын тал удахгүй болох НҮБ-ын Хүний эрхийн сонгуульд Монгол Улсыг дэмжин оролцохоо илэрхийлж, ирэх жил Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Оросын Холбооны Улс өндөр ач холбогдол өгч, өөрийн зүгээс хүндтэй зочдоо илгээхээ мэдээлэв.

2009 оноос хойш Монгол Улсын ГХ-ийн сайд ОХУ-ын ГХ-ийн сайдын урилгаар анх удаа  хийж буй энэхүү айлчлалд талууд өндөр ач холбогдол өгөв.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд