Дүрвэгсдийн хямралд Өрнөдийн орнууд, АНУ буруутай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 14:51:19

БУДАПЕШТ. /Sputnik/. Сири болон Иракийн иргэд “Лалын улс” бүлэглэлийн хүчирхийллээс зугтаж, Европыг зорьж байна. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн харгислалд Өрнөдийн орнууд, ялангуяа, АНУ-г, тэдний үйл ажиллагаа буруутай гэж дүрвэгсэд үзжээ.

Өдгөө 28 настай Рзгар Абдул “Лалын улс” бүлэглэлээс зугтан төрсөн нутаг Иракийг орхин гарчээ. Тэрбээр одоо Унгар дахь дүрвэгсдийн хуаранд амьдарч байна. Түүний одоогийн энэ байдалд АНУ буруутай гэж тэрбээр хэлэв.

"Иракийн асуудал бол АНУ-ын асуудал. Энэ хямрал бол АНУ-ын асуудал. Ирак, Сири гээд хаа саагүй АНУ хангалттай зүйл хийгээгүй" тэрбээр ярив.

Гэсэн хэдий ч, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг унагаахын тулд 40 гаруй сая доллар зарцуулсан. Гэвч Европ болон Ойрхи Дорнодын орнууд дахь дүрвэгсэд Абдулын нэгэн адил бодолтой байна.

Сирид илүү их хүчийг ашиглах гэсэн АНУ-ын бүтэлгүйтэл хэдэн зуун мянган хүнийг үхэлд хүргэсэн гэж 26 настай дүрвэгч Жебраил Мохамед хэлэв.

Энэ хандлага нь Европын улс төрд хүртэл ороод байна.

“Лалын улс” зэрэг "алуурчин бүлэглэл" Германтай холбоотон улс орнуудаас зэвсэг, мөнгө зэрэг саадгүй хангалт болон шууд бус дэмжлэг авсан гэж Германы парламент дахь Зүүний намын орлогч дарга Сара Вагенкнехт, Дитмар Барч нар Сирийн босогчдыг бэлтгэх арга хэмжээтэй холбогдуулан мэдэгдэв.

Харин одоо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсдаа орогнуулах Сирийн дүрвэгсдийн тоог 10 мянга болгох шийдвэр гаргасан. Гэвч Европ үүнээс хэд дахин илүү дүрвэгчийг хүлээн авахаар болсон билээ.

Дүрвэгсдийн асар их урсгалыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байгаатай холбогдуулан дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрийг ЕХ нэг сар хойшлуулахаар болсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд