Сонгон шалгаруулалт явуулах “шилэн” орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-02 11:33:27

Дундговь аймгийн ЗДТГ авлигын эсрэг 2016 оны төлөвлөгөөгөө гаргасан байна. Хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, авлигатай тэмцэх санал санаачлага гэсэн хоёр бүлэгт багтаан 60 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.

Энэ жилийн төлөвлөгөөнд ямар онцлог ажил тусгагдсан талаар ЗДТГ- ын Хуульзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаагаас тодруулахад, урьд оны төлөвлөгөөний хэрэгжилт, АТГ- ын зөвлөмж болон иргэдээс авсан саналыг үндэслэн төлөвлөгөө боловсруулсан. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой санал гомдол нэлээд гардаг тул энэ жилийн төлөвлөгөөнд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг ил тод явуулдаг “шилэн” орчин бүрдүүлж, худалдан авах ажиллагааны шударга, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн ажил төлөвлөсөн гэлээ.

Өнгөрсөн онд ЗДТГ авлигын эсрэг төлөвлөгөөгөө 71.8 хувьтай хэрэгжүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтээрээ 21 аймаг 9 дүүргээс 14- т жагссан байна. Энэ нь урьд жилийнхээсээ 2 оноогоор ахисан ч эзлэх байр арагш ухарчээ. Тиймээс төлөвлөгөөний хэрэгжилтийг илүү чанаржуулах шаардлагатай байгаа гэлээ. Дундговь аймгийн ЗДТГ-ын хувьд авлигын эсрэг үйл ажиллагаандаа төрийн бус байгууллагуудтайгаа нягт хамтран ажилладагийг АТГ сайшаан үнэлсэн бөгөөд цаашид ч энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ