Сүм Хөх бүрдийн экологийг сэргээх бүтээн байгуулалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-03 10:25:43

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Сүм Хөх бүрдийн экологийг сэргээж, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг Дундговь аймаг орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрөгч 11 дүгээр сарын сүүлчээр бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар цэвэр усны шугам хоолойг угсарч дууссан, бохир усны худаг гаргаж, шугам хоолой угсарч байгааг төслийн гүйцэтгэгч “Санжат” ХХК- ийн ерөнхий инженер З. Нацагдорж хэллээ.

Энэ төслийн үр дүнд цэвэр усны 530 гаруй метр, ариутгах татуургын 240 метр шугам хоолой угсарна. Гүний хоёр худаг гаргаснаар нуурын усыг сэлбэн тэжээх усны эх үүсвэрийг бий болгож, нуурыг тойруулан 1900 гаруй метр хашаагаар хашиж хамгаалах бөгөөд нуур хамгийн гүехэндээ 1.2 метр устай байхаар тооцжээ.

Сүм хөх бүрдийн нуурын дунд оршдог довцог дээр барьж дуусгалгүй үлдээсэн эртний чулуун барилгын үлдэц бий. Түүний дэргэд сүм дуганы хэлбэртэй музейн барилга барих юм байна. Мөн нуурын урд эрэгт үйлчилгээний төв, усан бассейн, элсний волейболын талбай, явган хүний зам талбай, цэцэрлэгжүүлэлт гэх зэргээр амралт, аялал зугаалгын орчинг бүрдүүлэх ажээ.

Эл бүтээн байгуулалтыг 2016 онд дуусгана. Энэ онд хуваарилагдах Орон нутгийн хөгжлийн сангаас ч хөрөнгийг үргэлжлүүлэн зарцуулах юм.

Сүм Хөх бүрдийн экологийг сэргээж, аялал жуулчлалын цогцолбор болгоход Адаацаг сумын Засаг даргын захирамжаар 25 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гарчээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ