Ш. Цэрэнбат: Малаа бэлчээж л байвал мал зутрахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-03 15:54:28

Дундговь аймгийн баруун талын Сайхан- Овоо, Дэлгэрхангай сумын нутагт оторчид олноор өвөлжиж байгаа юм. Дэлгэрхангай сумын нутагт оторлож яваа Адаацаг сумын Сүм багийн малчин Ш. Цэрэнбаттай отрын бэлчээрт уулзлаа.

-Сайхан өвөлжиж байна уу? Отрын нутаг өнтэй юу?
-Өвөлжөө сайхан байна. 4 ес эхлээд цаг агаар нэлээд чангарсаныг эс тооцвол цаг сайхан байлаа. Саяханы цас ахиу орлоо. Түүнээс урьд нэг ч их сандрахааргүй байсан.  Гэхдээ одоо ч тэгтлээ хүндэрсэн юм алга байна аа.
-Нутгаасаа эрт гарав уу?
-Бод малаа 10 дугаар сард, бог малаа 12 дугаар сар гаргаад авч ирсэн.
Энэ бэлчиж байгаа дан ганц танай мал уу?Мал сайхан тогтуун харагдана.
Манайх дүүгийнхтэй нийлж оторлож яваа. Дүүгийнхтэй нийлсэн 3 мянгаад бог мал бий. Манайх хоёр гэрээр оторт гарсан. 600 гаруй бод бий.  
-Танай өрхийн хувьд отрын нутагтаа хороо бууц яажшуухан зохицуулав? Оторчид хороо бууц ашигласны төлбөр мөнгө төлдөг гэсэн үнэн үү?
-Нутгийн айлын бууцанд нэг гэрээ барьсан. Эндээс 3- 4 километрийн зайтай. Харин нэг гэрээрээ энэ хавьд буугаад байна. Хороо бууц олох тал дээр хүндрэл гараагүй ээ. Үнэ төлбөр гэж нэхсэн шаардсан зүйл байхгүй байна.
-Эндээ хаваржих уу?
-Тэгнэ ээ. Хаваржих бодолтой. Малаа төллүүлээд буцна. Тэгэх санаатай л нааш зүтгэсэн юм.Энэ өвөл цас ихтэй юм чинь хавар шороо тавих нь бага байх вий.
-Одоо нэмж цас орохгүй гэхэд цаг арай эрт юм шиг байна. Энэ янзаараа хүйтний эрч чангараад байвал бас амаргүй л байх болов уу даа?
-Гэхдээ гайгүй байх аа. Удахгүй цагаан сар болно. Тэгээд л урь унаж, цаг тавирна шүү дээ. Цас уядаад ирэхээр учир бий. Цасан дороос малын хоол цухуйна. Хавар хар газрын халиу гэж, одоо яах ч үгүй л гэж бодож байгаа шүү.Цасан доорхи бэлчээртээ найдаж байна.
-Бидний явсан газраар мал бэлчээрт гарах боломжгүй болсон байна. Мал бэлчээрт гарахгүй тэжээлд ороод ирэхээр л зутардаг юм шиг байна аа?
-Их хүйтэн, ойрын хэд хоног байнга явган шуургатай байсан болохоор мал бага талаасаа зутарч байгаа тал бий байх. Манай хувьд тийм бэрхшээл арай тулгараагүй байна. Малаа эрт гаргаад орой аажуухан хотлуулж байгаа. Тэр өдрийнхөө тэнгэрийг сайн ажиглаж, салхи хаанаас чиглэлтэй байна гэдгээс шалтгаалж малаа хаашаа яаж бэлчээх үү гэдгийг оновчтой тогтоогоод байвал мал зутрахгүй ээ. Болдог л юм.

Манайх 1999 онд л нутгаасаа отор хийж гарсан. Төв аймгийн Заамар, Лүн, Орхонтуул сумаар нутаглаж байгаад өнгөрсөн зун нутагтаа ирж зунжиж, намаржаад дахиад оторт гарсан нь энэ. Малаа аль болох л бэлчээж байвал зутрахгүй. Яалтгүй тамирдаж муудсан малаа л тэжээнэ. Гэхдээ одоогоор тэжээлд орсон мал байхгүй.
-Танай сумаас хэр олон оторчид явна вэ, Дэлгэрхангайд...?
-Цөөнгүй айл байх шиг байна. Саяхан сумын Засаг дарга оторчдоо эргэж явсан. Манайхаас баруун хойгуур хэд хэдэн айл байна гэж ярьж байна билээ. Нарийн сайн мэдээгүй л байна. Манай Сүм багаас оторт гарсан малчид Луус сумын нутагт голдуу өвөлжиж байгаа дуулдсан.
-Баярлалаа. Өнтэй сайхан өвөлжиж, урин цагтай золгоорой.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ