Хавдартай иргэд жилд нэг удаа галт тэргээр үнэгүй зорчино

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-04 16:16:58

"Олон улсын хавдартай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан нар 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт жилдээ 800 орчим хүн хавдраар оношлогдож, дийлэнх нь нийслэл хот руу эмчилгээнд ирдэг байна.

Монгол Улсын тээврийн ууган байгууллага Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ дээрх аймгуудад амьдардаг, хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүүхэд, 55-аас дээш насны ахмадуудад аймаг орон нутгаас нийслэл хот руу эмчилгээнд ирж буцахад нь зориулан жилд нэг удаа үнэ төлбөргүй зорчих эрхийн тасалбарыг хандивлахаар боллоо. Энэ ажлыг ирэх сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ “Хавдрын үндэсний зөвлөл”-ийнхөн эдгээр аймгийн эмнэлгүүдтэй хамтарч, хавдрын өвчлөлтэй иргэдийн мэдээллийг авч, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах юм. Тиймээс хавдартай иргэд орон нутгийн эмнэлэгтэйгээ уялдаа холбоо сайтай ажиллах хэрэгтэй аж.

Дашрамд дурдахад, хавдрын өвчлөлтэй иргэдэд нийтийн тээврийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ олон улсад элбэг байдаг. Харин Монгол Улсад ийнхүү хэрэгжүүлэхээр эхлэл тавьж буй нь энэ юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ