Орон сууцны борлуулалт 30 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-15 12:09:17

Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 5.7 хувьтай гарсан талаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.

Тус компани Монголбанкны захиалгаар хараат бусаар орон сууцны үнийн индексийн судалгааг гаргадаг бөгөөд энэ удаа  5062 орон сууцны үнийг хамруулжээ. Тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин орон сууцны борлуулалт 30 хувиар буурчээ. Энэ иргэдийн худалдан авах чадвар муу байгаа болон ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгож бууруулах асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаатай холбоотой аж.

“Тэнхлэг зууч” компани 2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт өнгөрсөн  оны 1 дүгээр сараас 10.4 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ өнгөрсөн сард 2.28 сая төгрөг байгаа аж.

Харин хуучин орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -14.2 хувиар буурчээ.  Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 83 сая 460 мянга  болж өмнөх сараас 1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувиар тус тус буурсан байна.

Тодруулбал БЗД-ийн “Баянмонгол” хороололд өнгөрсөн оны мөн  сард 1 м2  байрны дундаж үнэ 2 сая 187 мянган  төгрөг байсан бол  энэ оны 1 дүгээр сарын байдлаар 1 сая 901 мянган төгрөг болж 13.1 хувиар буурчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ