Монгол, ОХУ, БНХАУ шүлхий өвчний эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-15 18:29:06

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж байна. 

Таван өдөр үргэлжлэх тус хуралд Ази, Номхон далайн бүсийн гишүүн 36 орны Малын Ерөнхий эмч нар, олон улсын байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Тус хурал нь хоёр жил тутамд Ази номхон далайн бүсийн гишүүн аль нэг оронд болдог бөгөөд энэ удаа Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Чуулганаар бүсийн үйл ажиллагаа болон 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, бүс нутгийн орнуудын малын эрүүл мэндийн байдал, шинэ болон дахин сэргэж байгаа өвчнүүд, нүүдлийн мал аж ахуй ба малын эрүүл мэнд, “Нэг эрүүл мэнд” буюу хүн, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд гишүүн орнууд ярилцаж байна. Мөн тус хурлаас бүс нутгийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг баталж, зөвлөмж гаргахаас гадна дараагийн чуулган болох гишүүн улсыг товлох юм байна. Чуулганы үеэр  Монгол, ОХУ, БНХАУ шүлхий өвчний эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсоныг ХХААЯ-наас мэдээлсэн юм.

Бүсийн 29 дүгээр чуулганы эхний өдөр ДЭМБ, Билл, Мелинда Гейтсийн сантай хамтран “Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар Мал эмнэлгийн салбарыг дэмжих нь” семинарыг зохион байгуулсан. Энэ үеэр Мал эмнэлгийн салбарын төр хувийн хэвшлийн түншлэл, Үндэсний мал эмнэлгийн чадавхи, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хууль, эрх зүй, хүнсний аюулгүй байдалд мал эмнэлгийн салбарын гүйцэтгэх үүрэг, ариун цэврийн баталгаажуулалт, олон улсын стандарт зэрэг асуудлыг хэлэлцэв. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор мал эмнэлгийн салбарын бодлогыг тодорхойлоход анхаарч буйг салбарын сайд С.Бурмаа тодотгосон юм.  Түүнчлэн дээрх чуулганаар Монгол Улс мал амьтны халдварт өвчнийг хяналтандаа авах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бий болгох талаар түлхүү анхаарч байгаагаа дуулгасан.

Уг чуулганыг  зохион байгуулснаар мал аж ахуй, махны экспортыг дэмжих, бүсийн хэмжээнд улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь дүгнэж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд