Сайн засаглалтай хувьцаат компанийн тунхагт нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-02-19 18:14:08

ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэн, "Мерекс", "Ариг гал", "Э-транс ложистикс" болон "Хай би ойл" хувьцаат компаниуд нэмэгдсэн. Иймд сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “Тунхаг бичиг”-т нэгдэн гарын үсэг зурж, баталгаажуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Монголын хөрөнгийн биржид боллоо.

Тус арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон Компанийн засаглалын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж, ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын шинэчлэл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс "Мэдээллийн ил тод байдлыг хангуулах нь", "Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам"-ын талаар, Монголын хөрөнгийн биржийн зүгээс "Бүртгэлийн журам"-ын өөрчлөлт, "Мэдээллийн журам"-ын шинэчлэл болон "МХБ-д бүртгэлтэй компанийн компанийн засаглалын байдал, цаашдын анхаарах асуудал"-ын талаар танилцуулав. Мөн МХБ-ийн Гүйцэтгэх захирал М.Болор хувьцаат компаниудын удирдлагуудад хандан Хөрөнгийн зах зээлийн шинэ орчин болон бүртгэлтэй хувьцаат компаниуд хэрхэн нэмэлт санхүүжилт татах шинэ боломжуудын талаар танилцуулга хийлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ