Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 18:30:38

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай”хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, мөн оны 5 дугаар сард УИХ-аар соёрхон батлуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй юм. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг тухайн үеийн ХХААХҮЯ-наас “Биокомбинат” ТӨҮГ-ын шинэчлэлийн төслийг хоёр үе шаттайгаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн боловч шалгарсан компани нь заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон аж. Иймээс Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн V хуралдаанаар талууд “Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцлөөр шинээр байгуулахаар тогтжээ.

Уг хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд уг хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохоор тогтсон. Иймээс хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн дагуу дээрх хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор өнгөрсөн сарын 25-нд гарын үсэг зуржээ. Харин уг зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын “Олон улсын гэрээний тухай” хуульд заасны дагуу УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн мэдүүлсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ