Хүүхэлдэй урлаачид уламжлалт өв соёлоо таниулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Монголын
хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн”-г Монголын Урчуудын эвлэлийн
галерейд өчигдөр нээв.
Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна.
Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн.
Энэхүү
үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас
гадна уламжлалт өв соёл ба орчин үеийн
ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20
гаруй уран бүтээлч оролцож, уран сайхны гар хийцийн, загварын болон театр,
анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар урласан 100 гаруй бүтээлээ
танилцуулж байна.
Хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин 20 жилийн
турш уран бүтээлээ хийж буй юм. Тэрбээр хувцас загвар, анимейшн,
мастер, кейборг, худалдааны гэхчлэн
зургаан нэр төрлийн хүүхэлдэй урладаг. Энэ
удаагийн үзэсгэлэнд “gamedoll”
загварын “Тэнгэрийн орны хөх халзан морьтой хүрэл эрдэнэ мангас” болон анимейшн
загварын өөр нэг бүтээлээрээ оролцож байна.
Тэрбээр ярихдаа, “Монгол ахуй
соёлоо харуулсан загвартай 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэнг 2006 онд гаргаж
байсан. Би одоогоор 3000 гаруй хүүхэлдэй хийгээд байна. Эдгээрийн
дийлэнх нь монгол ахуй соёл, уламжлалтай холбоотой. Үзэсгэлэнд тавьсан “Жангар”
туулийн дүр болох “Тэнгэрийн орны хөх халзан морьтой хүрэл эрдэнэ мангас” дүрийг
6 жилийн турш бүтээсэн. Ер нь “gamedoll” нь өөрийн гэсэн зохиолын дагуу хийдгээрээ онцлогтой. “Жангар”,
“Гэсэр”, “Монголын нууц товчоо” зэрэг тууль, үлгэр домгийн түүхийг сонирхож уншиж, сонсохгүй, ер нь бол мэдэхгүй
байна. Тэгэхээр хүүхдийн хэрэглээ, хэрэгцээнд нь тохирсон өөрчлөлт хийж, тоглодог
тоглоом, үздэг анимейшнээр нь дамжуулан үндэсний бахархалт дүрээ таниулах, уран
бүтээлчийнхээ хувьд биет бус өвийг биет өв болгон хойчдоо үлдээхийг зорьсон. Ингэснээр өөрсдийн өв соёлоо үргэлжлүүлэн авч үлдэх боломжтой. Миний хувьд сайн дүрээс сайн зохиол, сайн зохиолоос сайн дүр бүтдэг гэж
итгэдэг. Жангар тууль маш олон дүртэй. Одоогоор хүрэл эрдэнэ мангасын дүрийг
хийгээд байна. Цаашид түүний 80 мянган зарцын дүрийг хийхийг зорьж байна.
Ер нь үндэсний контент болгох ёстой. Ингэхийн тулд багийн системээр хийхээр ажиллаж байна” гэв.
Уран бүтээлч Ж.Өнөржаргал, “Энэхүү үзэсгэлэнд Азийн улсуудад түлхүү хэрэглэдэг бөмбөлгөн хөлт хүүхэлдэйгээр оролцож
байна. Энэ төрлийн хүүхэлдэй бүх үеэрээ хөдөлдөг, стандарт биетэй ч нүүрний
төрхийг нь өөрчилж болдгоороо онцлогтой. Бүх үе нь утсан буюу бөмбөлгөн
холбоостой. Нэг хүүхэлдэйг хийхэд хамгийн багадаа 15-20 хоног, ажиллагаа ихтэй
бол 6 сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг. Хүүхэлдэй гэдэг энгийн тоглоом биш урлагийн
бүтээл юм” гэдгийг тодотгов.
Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал олон нийтийн хүртээл болно. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалт зохион байгуулах аж.