Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-24 13:36:34

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар өнөөдөр БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр,“Барилгын хуулийн шинэчилсэн найруулгаар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 56 өдрийн дотор 36 гарын үсгээр нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болж байна. Барилгын салбарт ажиллаж буй иргэд даатгалд хамрагдахаас эхлээд олон шинэчлэлийг уг хуулиар хийж байгаа. Мөн гэр хороололд хашаандаа орон сууц барих гэж байгаа айлууд зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээв.

Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжинэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод 350, орон нутагт 559 орон сууц түрээслүүлэхээр төлөвлөжээ. 

БХБЯ-наас Түрээсийн орон сууцанд орох ерөнхий журмыг баталсан бөгөөд ТОСК журмын нарийн зохицуулалтыг боловсруулж байгаа аж. ТОСК журмаа энэ 7 хоногт багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг хэллээ.

 Мөн Гуравдугаар сарын 01-н гэхэд иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Журмаа боловсруулж дуусаад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. 

БХБЯ-наас баталсан журманд түрээсийн орон сууцыг урт хугацаанд түрээсэлсэн иргэн тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлсний дараа амьдарч буй байраа өмчлөх эрхтэй болох юм.

Түрээсийн орон сууцанд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гэрлэлтээ батлуулсан залуу гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн осолд өртөж орон гэргүй болсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн балбан хаагчид, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй орох боломжтой.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд Иргэний цахим үнэмлэхний хуулбар, Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт, өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа болон Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлт зэргийг бүрдүүлэх шаардлагатай аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ