Уянга найрагч 50 хүрсэн ч уянгын хорвоо нь тасаршгүй...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-02-24 16:25:06

Өнөөдөр "Аз хур" номын их дэлгүүрийн уулзалтын танхимд сэтгэлийн халуун дурсамж өрнөсөн үйл явдал боллоо. Монголын "Мөнгөн үеийн яруу найргийн" нэрт төлөөлөгчийн нэг Шагдарын Уянгын 50 насны ойд зориулсан түүний "Гандан уулын цэцэг" номын хоёр дахь хэвлэлийн баярт монголын утга зохиолын гурван үеийн төлөөлөгчид хүрэлцэн ирж чин сэтгэлийн үгсээ хэлж, нэн дотно үгүйллээ нээн ярилцсан юм.

Эрхэм найрагч дүүгийнхээ төрсөн өдрийг яаж тэмдэглэхээ олон өдөр бодсоны эцэст түүний төрсөн эгч Шагдарын Энэрэл, хань Н.Аварзэд, хүү А.Санчир, охин А.Саруул, А.Саран нарын гэр бүлийн дэмжлэгээр "Гандан уулын цэцэг" номын хоёр дахь ботийг гаргах буянтай үйлийг эхлүүлэн өнөөдөр баринтаглан гаргаснаа уран бүтээлч нөхдөд нь гардуулан өгөв.

Одоогоос 10 жилийн өмнө мөн л дүүгийнхээ төрсөн өдрөөр анхны шүлгийнх нь "Гандан уулын цэцэг" номыг баринтаглан уншигчдын гар дээр тавьж байжээ. Тэгвэл энэ удаа Ш.Уянгын гар бичмэлийг цуглуулах, сонин хэвлэлд гарсан нийтлэл, ярилцлага зэргийг номын сангаас түүвэрлэн эмхлэх нарийн чимхлүүр ажлыг хийж "Гандан уулын цэцэг" хэмээх хоёр дахь ботийг  нь "Мөнхийн үсэг" хэвлэлийн газраар өнгө үзэмж төгс, хийц донж  төгөлдөр хэвлүүлжээ.

 Номонд яруу найрагчийн зөвхөн шүлгээр зогсохгүй дууль, найраглал, дуурийн цомнол, орчуулга, нийтлэл, ярилцлага, дурсамжаар дүүрэн, аргагүй л ямар ч уран бүтээлчийн 50 насанд таарахаар донжтой, дорвилог бүтээл багтжээ. Номын баярт Монгол Улсын Ардын уран зохиолч Т.Галсан, МУСГЗ Г.Мэнд-Ооёо, МУСГЗ До.Цэнджав, До. Чулуунбаатар, Дан. Нямаа, Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболд, Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Чинзориг, Т.Мандир, Ж.Батсайхан, Д.Цогзаяабаатар, Г.Ишхүү болон залуу үеийн яруу найрагч, зохиолчид цуглаж, үнэн сэтгэлийн үгээ уралдуулан, үгүйлсэн нөхрөө дурсан санаж уран бүтээлийнх нь дээжээс уншиж сонордууллаа. Ялангуяа 2000 оны үеийн "Болор цом"-ын наадамд уншсан шүлгийнх нь дүрс бичлэгийг үзээд нүдээ чийгтүүлээгүй хүн бараг байсангүй...Мөн түүний найз явсан жирийн иргэн, уран бүтээлийг нь дэмжигчид ч ирж, дурсамж хууч яриа өрнүүлж байгаа нь олонтой явсны гэрч гэлтэй. Түүний гар бичмэлийг хадгалж явснаа авчирч өгч буй хүн ч тааралдав. Дараагийн насных нь ойгоор дахин дурсамж, шинээр цугларах гар бичмэлийн томхон боть амилан босох нь ч эндээс харагдав. Дуусашгүй уран бүтээлтэй, тасаршгүй мөнхийн настай яруу найрагчийн "халуун амь" үүндээ л оршдог буюу...Уянга найрагч өнөөдөр 50 нас хүрч байгаа ч түүний уянгын хорвоо тасаршгүй хөг аялгуутай юм. Түүний бусдын гар дээр тарсан, хэвлэлээр гарсан бүтээлийг нь цуглуулах аваас дахин хэдэн ч ном болж мэдэхээр байна. Зөвхөн нийтлэл, ярилцлага, өгүүллээс нь үзэхэд л Ш.Уянга зурхайчийн дайтай, зураачийн аятай, эрдэмтний энтэй, их сэтгэгчийн тэнтэй, эгэлгүй соён гэгээрүүлэгч байсан нь тодорхой байх авай. Зөвхөн зохиолч нөхдийнх нь дурсамжид 45 гаруй хүний үгүйлэх сэтгэлийн үг багтжээ. Цаана нь үгээ багтааж амжаагүй олон хүн үлдсэндээ харамсаж, халаглаж суув. Шинэ номонд нь заавал үгээ дайна шүү, зай өгөөрэй гэх яруу найрагч, зохиолчийн захиалга хөвөрч байлаа. Ш.Уянгын төрсөн эгч Ш.Энэрэл энэ удаагийн ном бүтээхэд нэлээд цаг гаргаж зовсон бол дараагийн ном өөрөө босоод ирэх юм байна гээд сэтгэл нь хангалуун баярын нулимсаа багтааж ядан суув.

Ш.Уянга маань нээрэн, богино насандаа уртадсан амьдрал туулжээ. Анхны гэргий Н.Батгэрэлээсээ хоёр хөөрхөн хүү, охин төрүүлж, удаах гэргий нэрт найрагч Ц. Хулангаасаа нэгэн сайхан хүү төрүүлж эцгийн алдраа үлдээсэн бол 16 наснаасаа шүлэг бичин, 18 насандаа Лермонтов, Есенин нарын шүлгийг орос хэлнээс орчуулж, хорин хэдхэн насандаа орос улсад хоёр их сургуульд хослуулан суралцаж, Монгол улсдаа ирээд их, дээд сургуульд багшлан, анхны чөлөөлт хэвлэл "Капитал", "Комментари" , "Монгол тамга" зэрэг олон сонин санаачлан хэвлэж, "Бодлын солбицол", "Улаанбаатар" зэрэг төвийн сонинд хариуцлагтай нарийн бичгийн дарга, редактор, Монгол Улсын Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж, чухам л цурам хийх завгүй явсныг намтар түүхээс нь цухасхан харахад ойлгогдоно.

Насныхаа богиныг мэдсэн юм шиг юм юмыг амжуулах гэж ядан шамдаж явжээ. Нээрэн ч архи дарсыг яаруухан балгаж, ярих хуучлахдаа яаруухан хандаж, инээж ханиахдаа ч яаруухан халгиж, цалгиж, ерөөсөө л ертөнцөд яаруухан яваа юм шиг л адгуухан байдаг байсан нь санагдана. Тиймээс ч уран бүтээлч нөхөд нь "ухаантай хүнд давчуухан хорвоо жижигдсэн" юм гэж хэлцгээн сэтгэлээ тайтгаруулах билээ? Чухам бивээр эрхэм талийгаач дүү яруу найрагч Ж.Болд-эрдэнэ, Ш.Уянга нартайгаа хааяа дарвихдаа "Монголын залуучууд" сонины буюу одоогийн МЗХ-ны саарал байшингийн зүүн урд цэцэрлэгт зүлгэн дээр нь сууж ууж идсэн минь цөөнгүй. Тэр алтан хормуудаа дурсан "Цэдэндоржийн цэцэрлэгт" шүлэгтээ эрхэм найрагч дүүсийн нэрсийг сийлэн үлдээсэн. Уг нууцхан цэцэрлэгийг "Цэдэндоржийн цэцэрлэг" хэмээдэг байсийм. Учир нь нэрт найрагч М.Цэдэндорж мөн залуучууд болон хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцид ажиллаж байхдаа тэрхүү цэцэрлэгт уран бүтээлч нөхдийн хамт ууж иддэг байснаас үүдэн үе үеийн найрагчид цуглан суудаг газар байж билээ. Одоо уг цэцэрлэгийг хааж, хашаа бариад, газрыг нь эвдэж орхисонсон.

"Цэдэндоржийн цэцэрлэг" шүлгэнд, дурсамж л үлдэж дээ...Уянга минь ч дурсамжинд үлдэж...Уран бүтээл нь л мөнхөд насалж, уншигч олныхоо дунд амьдаараа байх болтугай.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан

 

 

Холбоотой мэдээ