"Хүний эрх ба хөгжлийг урагшлуулахад иргэдийн оруулах хувь нэмэр, оролцоо” арга хэмжээ зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-17 14:10:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн 39 дүгээр чуулганы хүрээнд  энэ сарын 14-ний өдөр тус чуулганд оролцож буй манай төлөөлөгчид Хүний эрхийн Дээд комиссарын албатай хамтран “Дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн шийдэл: Хүний эрх ба хөгжлийг урагшлуулахад иргэдийн оруулах хувь нэмэр, оролцоо” сэдэвт арга хэмжээг зохион байгуулав.


Тус арга хэмжээний зорилго нь манай улс дахь ариун цэврийн байгууламжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санал санаачилга, оруулж буй хувь нэмрийн талаар танилцуулахад оршиж байв. Арга хэмжээг нээж Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн үг хэлсэн бөгөөд үндсэн илтгэгчээр “Нутгийн шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл, НҮБ-ын Хөгжих эрхийн тухай асуудал хариуцсан Тусгай илтгэгч Саад Алфарарги болон Хүний эрх болон ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер нар  оролцож санаа бодлоо хуваалцсанаас гадна ХЭЗ-ийн гишүүн орнууд болон ажилтан, алба хаагчид, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллагуудын 40 гаруй төлөөлөгч тус арга хэмжээнд оролцсон байна.


Мөн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн 17 зорилтын нэг болох “бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой, тэгш үйлчилгээнд хамрагдах, ил бие засах явдлыг зогсоох, ингэхдээ эмэгтэйчүүд, охид, эмзэг байдалд байгаа хүмүүсийн шаардлага хэрэгцээнд онцгой анхаарал хандуулах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Жорлонгоо өөрчилье” компанит ажлыг хэрэгжүүлж буй “Нутгийн шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл үндсэн илтгэгчээр оролцож, санаачилгаа танилцуулав. Тэрбээр илтгэлдээ цаг уурын эрс тэс уур амьсгал, өргөн уудам газар нутаг,  тархан суурьшсан хүн амтай Монгол Улсын хувьд орон нутагт төвийн шугам сүлжээг барьж байгуулах хүндрэлтэй байдаг. Иймд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бие засах газрын талаарх иргэдийн ойлголтыг өөрчлөх, мэдлэг олгох, тухайн нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй, хямд өртөгтэй жорлон барих  технологийн талаар хөдөө болон орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ