Төрийн албан хаагчид бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүйд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-18 16:06:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн ЗДТГ,  Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимтэй хамтран орон нутгийн төрийн албан хаагчдад ажлын байранд сургах богино хугацааны сертификаттай сургалт зохион байгуулж байна.

Сургалт “Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй” сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш ЗДТГ-ын 40 мэргэжилтэнд арга зүйн зөвлөмж, мэдлэг олгоно.

Орон нутгийн төрийн албан хаагчдыг ажлын байранд нь сургаж чадавхжуулах тус хөтөлбөр нь төрийн байгууллагын төсөв хөрөнгө, цаг хугацааг хэмнэсэн албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй арга хэмжээ гэж албаныхан онцоллоо. Орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид урт, дунд, богино хугацааны гээд олон бодлого тодорхойлж ажилладаг төдийгүй  бодлогын хэрэгжилтийг үр нөлөөтэй эсэхэд үнэлгээ хийдэг.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 89 дүгээр тогтоолд хэрэгжилтийг үнэлэх талаар тодорхой заасан байдаг боловч орон нутагт байгаа төрийн албан хаагчдад арга зүй дутмаг байдаг аж.

Тиймээс хэрэгжээгүй байгаа бодлогоо хэрэгжсэнд тооцдог, үр дүнтэй хэрэгжиж байгаагаа гүйцэт тайлагнан, үнэлгээгээ хийж чаддаггүй асуудал тулгамддаг тул энэхүү сургалт арга зүй том дэмжлэг болох ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ