"Хаппи Веритас оношилгооны төв" хелико бактерийн эсрэг аян эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-09-25 15:14:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хаппи Веритас оношилгооны төв" 2018 оныг дуустал “Хелико бактерийн эсрэг үндэсний аян” зарлаж хеликобактерийг илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийх боломжтой гэлээ. 

Ходоодны хорт хавдрын 80 хувь нь хеликобактериас үүдэлтэй байдаг бөгөөд Монгол улс ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд тэргүүлж, тохиолдлоороо 2 дугаарт бичигдэж, жилд 5 мянган хүн уг өвчний улмаас амиа алддаг тухай тус оношилгооны төвийн эмч мэргэжилтнүүд хэллээ.

Хаппи Веритас оношилгооны төв”-ийн дэд захирал Б.Батгэрэл “Манай эмнэлэг 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх аяныг эхлүүллээ. Хеликобактерийг цусаар илрүүлэх шинжилгээний үнэ 5000 төгрөг байдаг, аяны хүрээнд хямдруулан 2000 төгрөг болгож байна. Ходоодны хавдар үүсэх гол шалтгаанд хеликобактери, давс, архи, тамхины хэрэглээ ордог. Хеликобактерийн оношилгоо, эмчилгээний тухай иргэд мэддэггүйгээс болж буруу эм хэрэглэх улмаар мөөгөнцөртөх тохиолдол элбэг. Энэ нь нянгийн гаралтай өрөвсөл бөгөөд 2-3 сар эмчийн хяналтад байж, тууштай эмчилгээ хийлгэснээр эдгэрдэг. Монголчууд хоносон хоол иддэг, цайны газрын аяг халбагаа дутуу угаадаг, хоололтын буруу дадал хэвшлээс хамаарч хэликобактерийн тархалт ихсэх шалтгаан болдог. Манай эмнэлгийн сүүлийн 3 жилийн судалгаагаар нэг албан байгууллагын ажилчдын 70-80 хувь нь хеликобактертай байгаа нь тогтоогдсон. Эмчилгээ хийлгэж эдгэсэн ч дахин халдвараар өвчлөхгүйн тулд энэ талаарх  мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тус аяны хүрээнд  Монгол Улсад ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийн суурийг тавина гэж найдаж байна. Аянд байгууллага, хамт олноороо ходоодны хорт хавдар, хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалъя” гэлээ.

Дэлхийд жил бүр 1 сая гаруй хүн ходоодны хорт хавдар өвчнөөр оношлогдож ойролцоогоор 723 мянган хүн уг өвчний улмаас нас бардаг. Уг өвчний нийт тохиолдлын бараг тал хувь нь Зүүн Азийн орнууд буюу БНСУ, Хятад, Япон, Монгол оронд тохиолддог байна.

БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орон ходоодны хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлэгч ч  эрт илрүүлгийн хөтөлбөр амжилттай хэрэгжснээр уг өвчний халдвар жил ирэх тусам буурч буй бөгөөд 10 мянган хүнд ногдох нас баралтын тохиолдлоор Монгол Улсаас барагцаагаар хоёр дахин бага байна.

“Хаппи Веритас оношилгооны төв”-д шинжилгээ өгөхийг хүсвэл 70000303, 70170303 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Б.Янжиндулам

Холбоотой мэдээ