Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-26 17:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын харьяа Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.


Нийслэл хотоос 52 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Харин 1964 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй нийт 15 ортой эмнэлгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больж, ан цав үүссэн тул холбогдох мэргэжлийн байгууллагуудаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гарсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/88 захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 32 ортой, дөрвөн давхар эмнэлгийн барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Ойролцоогоор гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга угсралтын ажлыг “Нью констракшн” ХХК-иас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх бөгөөд ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор тус тосгоны болон Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.


Шав тавих ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Туул тосгоны ЭМТ-ийн дарга М.Цогтгэрэл болон албаны бусад хүмүүс оролцов.

Холбоотой мэдээ