Хятадтай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-27 13:07:35

МОСКВА. /ТАСС/. Хятадтай хийх худалдааны хэмжээг 2024 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газар үзэж байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын 2024 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдэд дурджээ.


“Орос, Хятадын худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлж, оросын эдийн засаг дахь Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээг 15 тэрбум ам.долларт хүргэж өсгөнө” хэмээн уг баримт бичигт тэмдэглэжээ.


Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 87 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин энэ жилийн худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэхээр зориод байгаа тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгджээ. Түүнчлэн Орос улс бусад улстай хийх худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Тодруулбал, Энэтхэг улстай хийх худалдааны эргэлтийн хэмжээг 2024 он гэхэд 30 тэрбум ам.долларт  хүргэх зорилт тавиад байгаа аж.  Түүнчлэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудтай хийх худалдааг мөн онд 50 тэрбум ам.долларт хүргэхийг зорих аж. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ