"Дугуйтай Сэлэнгэ" клубээс дугуйн зам барих санаачилга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-28 11:24:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори IY сургуулийн дэргэд байгуулагдсан “Дугуйтай Сэлэнгэ” клубын үйл ажиллагаа амжилттай өрнөж байна. 

Төсөл хэрэгжсэнээр клубээ улам өргөжүүлж, нийт сурагчдын гуравны хоёр нь унадаг дугуйны хэрэглээтэй болсон байх, цаашлаад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж, унадаг дугуй сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, жил бүрийн тодорхой нэг өдрийг “Авто машингүй өдөр” болгох санаачилгыг уламжлал болгон хэрэгжүүлэх зэрэг саналыг клубын хамт олон гаргажээ. Удахгүй аймгийн төвд дугуйн зам бариулах саналыг аймгийн ИТХ-д оруулахаар ажиллаж  байна.

Хэрэв энэ санаачилгаа дэмжүүлж чадвал Сэлэнгийн хүүхдүүд аймгийн төвдөө дугуй унаж эрүүл мэнддээ хөрөнгө оруулах, цаашлаад амьдралын зөв дадал хэвшлийг олж авах, цөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой болох аж.  

Дугуйчин хүүхдүүдийн клуб нь 2018 онд технологийн багш Б.Гүнжилмаа ахлагчтай дунд, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрт төсөл бичиж хандсанаар байгуулагджээ. Эл клуб одоогоор VI, VIII, X ангийн 60 сурагч, нэг чиглүүлэгч багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн багийнхан Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори IY сургуулийн дэргэдэх “Дугуйтай Сэлэнгэ” клубын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчид, багш, ажиллагсад, ард иргэдэд дугуйн ач холбогдлыг таниулах, байгаль орчинд ээлтэй, бие бялдар, өсөлт хөгжилтөд нөлөөлөхүйц үйл ажиллагааг зохион байгуулах, “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын “Нийт хүн амыг эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах”, “Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг яаралтай авах” гэсэн зорилгыг дэмжин ажиллах зорилготой ажээ. 

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ