Хилийн чанад дахь Хятад иргэд Үндэсний өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-01 16:48:13

БЭЭЖИН. /Xinhua/. Хилийн чанадад суугаа олон мянган Хятад иргэн өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-нд тохиож буй “Үндэсний өдөр” /БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойн баяр/-ыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа тухай “Xinhua” агентлаг мэдээлэв.


Гадаадад амьдарч байгаа Хятад иргэд цуглан, эх орныхоо уламжлал, соёлыг орон нутгийн ард иргэдтэй хуваалцан танилцуулж, тус тусын амьдарч буй улстай найрсаг, дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.


АНУ-ын Хьюстон болон Чикаго хот дахь хятад иргэд баасан, бямба гарагт Хятад иргэдийн төвд Үндэсний өдрөө тэмдэглэсэн ба энэ үеэр туг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулсан байна. Уг ёслолыг Хятад болон Хятад-Америк иргэншилтэй олон зуун иргэд хийгээд тус нутгийн өөр угсааны оршин суугчид үзэн сонирхсон байна.  


“Ирэх 12 дугаар сард БНХАУ болон АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Хятад-АНУ-ын найрамдалт харилцаа цаашид өргөжин бэхжинэ хэмээн найдаж байна” гэж Хьюстон хотод суугаа Хятадын элчин сайд Лиу Цяньмин ёслолын арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэв.


Мөн Сан-Франциско хотын зөвлөл өнгөрсөн баасан гарагийн өглөө Хотын танхимдаа дээрх баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр тус хотын дарга Лондон Брид хэлэхдээ, “Манай хот Шанхай хоттой ах дүү хотын харилцаа тогтоосны 39 жилийн ой энэ онд тохиож байна. БНХАУ-ын Үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь тус улсын ард түмэнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж буйн илрэл юм” гэжээ.


Уг арга хэмжээний үеэр БНХАУ болон АНУ-ын жижиг далбааг барьсан үзэгчид Хятад улсын уламжлалт үзүүлбэр тоглолтууд болох луу, арслант бүжиг, ардын дуу болон ардын бүжиг зэргийг үзэж сонирхсон байна.


Э.Хулан

Холбоотой мэдээ