Арт маргадын арвин амжилтаар аялахуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-04 10:28:11

Хэнтий /МОНЦАМЭ/ “Арт Маргад” ХХК энэ жил ургац арвин байна. Компанийн залуу захирал Н.Билгүүнтөр аж ахуйн аргаар малын тэжээл тариалж, дарш хийхээр төлөвлөжээ. Нийт 50 сот-д эрдэнэ шиш, хоёр га-д хошоонгор, нэг га-д гурвалжин будаа тариалсан нь тун сайхан ургажээ. Дараа жилээс эрдэнэ шиш, хошоонгор, наранцэцэг, овъёос, вандуй тарьж, тариалалтаа үйлдвэрлэлийн хэмжээнд нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Н.Билгүүнтөр малын тэжээлийн зах зээл, хэрэглэгчтэй холбоотой асуултуудыг боловсруулж, малчдаар явж судалгаа авсны үндсэн дээр төсөл боловсруулсан аж. Судалгааны дүн боломжийн байсан учраас эхний ээлжийн тариалалтаа хийж, туршсан нь ийнхүү амжилттай болсон аж. “Мерси кор” олон улсын байгууллага, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан түүний санааг дэмжиж, Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу хамт явж махны чиглэлийн үхрийн фермд туршлага судалсан байна.

Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн технологийн инженер хэдий ч аав, ээжийнхээ ажлыг үргэлжлүүлэхээр зүтгэж буй Н.Билгүүнтөр төмс хүнсний ногоо, балт ургамлын тариалалтаа нэмэгдүүлэн, малын тэжээлийн үйлдвэр, махны чиглэлийн үнээний ферм байгуулан цогц үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Түүний ээж Д.Чимгээ, дүү Н.Маргад-Эрдэнэ, ногооны талбайн манаач Л.Батхуяг нар түүний үнэнч зөвлөх, туслах гэсэн. Аль хэдий гэр бүлийн гишүүн шиг болсон манаач Батхуяг ямар ч ажлыг өөрийн санаачилгаараа хийчихдэг хөдөлмөрч нэгэн. Энэ гэр бүлийнхэн түүнд гэр бэлдэж өгсөн төдийгүй бичиг баримтыг нь бүрдүүлж, өндөр насны тэтгэврийг тогтоолгож төрснөөс дутуугүй ах минь хэмээн хүндэлж яваа нь хүмүүний нэгэн нандин чанар аж.

Худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллахаар 2001 онд байгуулагдаж байсан "Арт маргад" ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 2004 онд хоёр га газарт хүнсний ногоо, 1000 гаруй үхрийн нүд, 3000 ширхэг чацарганы бут тариалж байсан түүхтэй. Анхны ургац арвин байсанд их урамшсан гэдэг.

Энэ хугацаанд шантрах үе олон байсан ч тэд эрүүл хүнс тариалах ажлаа орхиогүй юм. Газар тариалангийн ажлаа үргэлжлүүл" 2007 онд Хурх тосгонд болон аймагтаа тариа тарьж үзжээ. Малчдын хариуцлагагүй, хэнэггүй зангаас болоод амжилт олоогүй тэд шүүх цагдаагийн байгууллагатай хүртэл холбогдсон байдаг. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөө юу ч үгүй хийсэн ч ногооны талбайтай болж, талбайдаа тог татаж чадсан нь амжилт болон үлджээ.

Д.Чимгээ Хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн тэргүүний хувиар аймгийн ногоочдын ногооны талбай руу цахилгаан хүчдэлийн шугамыг тавьсан нь мөн л нэгэн амжилт. 2004 онд Хэнтий аймагт ХАҮТ-ыг байгуулахад анхны гишүүнээр элсэж байсан компани 2017 онд ХАҮТ-ийн "Энтэрпрейнэр"-ээр шалгарч байсан гээд амжилтын цуваа арвин юм. Хийсэн юм гэдэг хэзээ нэгэн цагт харагддаг. Хүнсний ногоо, жимсний мод бут тариална гэдэг хэдэн үр газарт булаад, ургадаг боловч үр, үндсээс хүнсний ногоо, мод бут болтлоо ургаж, өсөхдөө маш их арга ажиллагаа, технологи, хайр халамж шаарддаг байна.

Энэ жилийн хувьд “Арт маргад”-ынхан сармис, лууван, төмс, байцаа, манжин, чинжүү, өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг хүнсний ногоог 10 гаруй га-д тарьж, ургацаа хурааж эхлээд байна. Химийн бордоогүй, малын бууц, сангасаар бордсон эрүүл хүнсээ хурааж бөөний үнээр зарж байгаа нь сайшаалтай. Мөн "Хайрико" хэмээх өвлийн улиралд хадгалалт сайн даадаг байцааг туршилтаар ургуулж байгаа ажээ. Түүнчлэн зургаан бүл зөгийгөө өсгөн, цэвэр зөгийн балыг нутгийн олондоо борлуулж, чийгийн улаан хорхойгоор бордоо хийж байна.

Энэ бүхний эхлэлийг хамтдаа тавьж, дэмжиж, зөвлөж байсан аавдаа, ханьдаа зориулан “Ногоон төгөл” байгуулахаар тэд зорьжээ. Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор эко орчин бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор сэтгэлдээ зураглан төлөвлөж, төсөөлөн эрхэм ажлаа эхлүүлээд байгаа аж.

Энэ хавар ногоочид, Д.Чимгээгийн ангийн анд, найз нөхөд, дүүгийнх нь ангийн хүүхдүүдийн эцэг эх, бурханы оронд одсон ханийнх нь ах дүү, ангийн анд нь ирж, талбайнхаа баруун талын 14 га-д 400 ширхэг нарс тариалсан байна. Даян дэлхийн байгаль орчны сангийн төслийн үндэсний зохицуулагч Б.Ганбаатар энэхүү ногоон байгууламжийн анхны дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд тариад байгаа моднуудыг харж, зөвлөгөө өгчээ.

Цэцэрлэгт хүрээлэнг тойруулж нарс, дотор хүрээнд хашаа хийхээр хайлаасны үр тарьжээ. Ирэх сараас гадна талын хамгаалалтын болон гоёлын моднуудаа тарьж, ирэх жилээс үргэлжлүүлэн тарихаар төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэн 10 га, манай улсад ургадаг моднуудаас бүрдсэн “Ногоон төгөл”-ийг дөрвөн га-д тарьж ургуулах гэнэ. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд