Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-05 14:58:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Цахиур-2018" уралдааны тэргүүн байрын шагналыг  "Хувьсан өөрчлөгдсөөр буй "үнэн" буюу цианидын хэргийн буруутан хэн бэ" бүтээлээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга  хүртэв.

Тэрбээр уг бүтээлээрээ Баянхонгор аймгийн Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн буруутай үйл ажиллагаанаас үйлдвэрийн ажилчид нь цианидын уусмалд хордсон болохыг эрэн сурвалжилж, нийтэд ил болгосон байдаг.

Уралдааны дэд байрт “Ховд” телевизийн сэтгүүлч С.Жавзандулам “Цаанаа учиртай цагаан эрэг” нэртэй Цагаан эргийн нөхөн сэргээлт, түүний үнэн төрх хийгээд ашиг сонирхлын зөрчил, үгсэн хуйвалдаж хууль бус үйл ажиллагаа явуулж буй хэсэг бүлэг хүмүүсийг баримт, эх сурвалжаар нотлон нийтэд мэдээлсэн 6 цуврал нэвтрүүлгээрээ шалгарсан.

Тэмцээний шүүгчээр ажилласан Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг хэлэхдээ, “Шүүгчийн зүгээс тухайн бүтээл эрэн сурвалжлах сэдэв мөн эсэх, иж бүрэн үндэслэл, нотолгоо бүхий баримт, мэдээллийг ашигласан, нягтлан шалгасан эсэх, сэтгүүл зүйн мэргэжлийн ур чадвар үүнд бичлэг, хэл найруулга зүй зэрэг хэд хэдэн шалгуурыг харгалзсан” гэв.

Шагнал гардуулах үеэр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянга, “Энэ том шагналын эзэн болно хэмээн бодоо ч үгүй байсан. Цианидын асуудлыг би энэ оны 3 дугаар сараас эхлэн 5 сарын хугацаанд 8-н цуврал сурвалжлага хийсэн. Энэхүү хүч хөдөлмөрийг минь үнэлж байгаа явдалд гүнээ талархъя” гэлээ.

Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академи, Канадын ЭСЯ-наас хамтран хоёр дахь жилдээ  зохион байгуулсан Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын "Investigative Journalism Dialogue" хурлын төгсгөлд ийнхүү шилдгээ тодруулсан юм.

Холбоотой мэдээ