Шинээр байгуулсан багийн иргэдийг сонгуулиас өмнө шилжүүлгээ хийхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 14:07:28
oyuka_hu@yahoo.com

Иргэний шилжилт хөдөлгөөн хаагдахад  47 хоног үлдлээ. Энэ хугацаанд багтаж Орхон аймагт шинээр байгуулсан Даваат, Уртын гол, Яргуйт багийн айл өрх шилжилт хөдөлгөөнөө дуусгах хэрэгтэйг Улсын бүртгэлийн хэлтэс санууллаа.

Одоогийн байдлаар дээрх гурван багийн шилжилт 70 хувьтай  байна. Тодруулбал, Уртын гол багт сонгуулийн насны 2017 хүн байгаагаас 1100 нь шилжүүлгээ хийлгэжээ. Үлдсэн хоёр багт 60-70 хувь нь л шилжүүлгээ хийжээ. “Хэрэв дээрх хугацаанд шилжүүлгээ хийхгүй бол иргэний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж болзошгүй” гэж Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Г.Алтангэрэл хэллээ. Учир нь орон нутгийн сонгуульд иргэдийн саналыг сонгуулийн хэсгийн хороонд авдаг. Хэсгийн хороо нь харьяа багийнхаа иргэдийг бүртгэж, саналыг нь авна. Харин иргэд иргэний үнэмлэхний хуучин хаягаа шилжүүлээгүй тохиолдолд санал өгөх хэсгийн хороонд бүртгэгдэхгүй үлдэж болзошгүй гэдгийг санууллаа. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэхээр Баян-Өндөр сум, Улсын бүртгэлийн хэлтэс, ГХБХГ-ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагджээ. 

Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу иргэдийн шилжилт, хөдөлгөөн сонгууль болох өдрөөс 60 хоногийн өмнө зогсоно. Сонгууль 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр болох тул шилжилт дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хаагдана. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ