Монголчуудын ураг төрөл, зан үйлийн ном уншигчдад хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-09-16 16:56:19

Монголын нэрт угсаатны зүй судлаач Г.Цэрэнхандын “Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл” ном уншигчдын хүртээл боллоо.

Энэхүү номын нээлт өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болов. Номын редактороор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун ажиллажээ. Тэрбээр тус номын өмнөтгөлд, “Манай хүрээлэнд 53 жил ажиллаж буй ахмад эрдэмтэн Г.Цэрэнхандын олон жилийн судалгааны баялаг эх хэрэглэгдэхүүн, түүхэн баримтад тулгуурлан бүтээсэн энэ ном нь Монголчуудын ураг төрөл, түүний үе сүлжлийн учир холбогдол, хамааралтай зан үйл, заншил, түүхэн харилцааны өөрчлөлт, уламжлал, төрөл, худын ёс, зан үйлийн тухай тодорхой судалжээ. Олон жилийн турш явуулсан хээрийн болон суурин шинжилгээний эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлахдаа Монголчуудын ураг төрлийн тогтолцооны гол цөм бүрдэл болсон угсаа залгамжллал, төрлийн харилцаа, удам холбооны асуудлыг онолын түвшинд авч үзэж өмнөх үеийн эрдэмтдийн судалгааны чиг хандлага, ойлголт, таамаглалтай харьцуулан өөрийн санал, дүгнэлтээ өгчээ. Монголын нийгэм дэх тэдний аж ахуй хөтлөлт, нийгмийн зохион байгууллатын талаар судалснаас гадна төрлөөс гадуур ураглах ёсон, түүний онцлог, үүрэг, ёс хүндэтгэлийн бэлгэдэл, эх сурвалж, нэр томъёоны толь зэргийг багтаасан ” хэмээжээ.

Энэхүү ном нь Монголчуудын ураг төрлийн харилцаа, түүнтэй холбогдох ёс заншил, зан үйлийн судалгааг угсаатан судлал, түүхэн зүйн үүднээс дагнан судалсан бүтээл бөгөөд Монголчуудын удам-төрөл, нийгэм соёлын талаар судлах дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид, их дээд сургуульд суралцагч, докторант, магистрант, сонирхон судлагч хэн бүхэнд гарын авлага болох юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд