Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-23 15:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал нь хүн амын хөгжилд баримтлах төрийн бодлогын төвд байх ёстой гэдгийг ХНХЯ-ны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” Үндэсний бага хурлын үеэр онцоллоо.

Мөн тэрбээр, “Төрийн бодлогын зарчим нь нийгэм соёлыг түгээх харилцаанд иргэдийг ямар нэг ачаалал, алагчлалгүйгээр оролцуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байх ёстой. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлд “25-аас дээш ажилтантай ААН байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна, хэрвээ ажиллуулахгүй бол тодорхой хэмжээний төлбөр төлнө гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тодорхой хөрөнгө төвлөрдөг. Мөн улсын төсвөөс хөрөнгө нэмж хуваарилаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулдаг. Үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг улам сайжруулахын тулд бид хичээн ажиллаж байна” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбооны тэргүүн Я.Алтанзагасаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэхэд ямар асуудал тулгамдаж буйг тодруулахад,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх насны 25-28 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн албан бус тоо  бий. Бидэнд хөдөлмөр эрхлэхэд ажил олгогчийн ойлголт, мэдээлэл дутагдаж байна. Тиймээс ажил олгогчийн хандлагыг сайжруулах нь чухал. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байранд жуучлах хэрэгтэй” гэлээ.

 “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн, “inspired+mongolia” төслийн зохицуулагч Л.ЭнхбуянтХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох нь хоёр талын асуудал.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хөдөлмөр эрхлэх ёстойгоо ойлгох хэрэгтэй. Мөн ажил олгогч тэдгээр хүмүүсийн ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлын нэг нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа юм. Үүнийг зохицуулахын тулд бид эхлээд хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтоо бий болгох нь чухал.Төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн журам, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.  Үүнийг хэрэгжүүлэхийн тулд асуудлаа ойлгож, хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт санал солилцож, гаргалгааг нь гаргахын тулд өнөөдрийн үндэсний бага хурал болж байна” хэмээв.

2017 оны судалгаагаар манай улсад 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас энэ нь хүн амын 3.5 орчим хувийг эзэлж байна гэсэн тооцоо гарчээ.


Г.Өлзийхутаг

 

Холбоотой мэдээ