Хятадад бондын тусламжтайгаар хувийн бизнесийг дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-10-24 14:04:20
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын эрх баригчид бонд гаргах замаар хувийн компаниудыг дэмжих механизм боловсруулсан тухай тус улсын Төрийн Зөвлөлөөс нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Хятадын Төрийн Зөвлөлөөс мэдээлснээр, уг механизмын үйл ажиллагаа нь “зах зээлд тогтвортой өсөлттэй болон технологийн хувьд өрсөлдөх чадвартай боловч богино хугацаанд санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хувийн компаниудын гаргасан өрийн үнэт цаасанд чиглэсэн байна”.

Дээрх механизмын хэрэгжилтийн хүрээнд Хятадын Ардын банк /Төвбанк/ бонд худалдан авах замаар хувийн компаниудад дэмжлэг үзүүлэх чадвартай холбогдох санхүүгийн байгууллагуудад санхүүжилт олгоно. Хятадын Төвбанк уг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 150 тэрбум гаруй юанийг /21,6 тэрбум орчим ам.доллар/ улсынхаа эдийн засагт хэдийнэ оруулсан гэж мэдээлжээ.

Энэ оны наймдугаар сард Хятадын Засгийн газар жижиг, дунд үйлдвэр болон хувийн бизнест дэмжлэг үзүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгосон юм.


Хятадын Төрийн Зөвлөлийн мэдээллээр, жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын нийт орлогын 50 хувийг, Дотоод нийт бүтээгдэхүүний 60 хувийг бүрдүүлдэг бол Хятадын технологийн шинэчлэлийн хөгжилд 70 орчим хувийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд томоохон хотуудад ажлын байрны 80 хувийг хангадаг байна.
Холбоотой мэдээ