Эйфелийн цамхагийг Америкийн еврейн сүмд амиа алдагсдын дурсгалд зориулж гэрэлтүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-29 14:00:58

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн Питтсбург хотын Сквирел Хилл хэмээх түүхэн дүүрэгт оршдог “Амьдралын мод” гэдэг еврейн сүмд гал нээсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж алдарт Эйфелийн цамхагийг ням гарагаас даваа гарагт шилжих шөнө гэрэлтүүлжээ. 


“Еврей ард түмэнтэй, мөн Питтсбургийн оршин суугчидтай сэтгэл санаагаар хамт байгаа гэдгээ илэрхийлж байна. Мөн миний найз Билл Педутотой /Питтсбург хотын дарга/ сэтгэл санаагаар хамт гэдгээ мэдэгдэж байна. Парис болон Парисын оршин суугчид бид та бүхэнтэй хамт байгаа” гэж Францын нийслэл Парис хотын дарга Анн Идальго Твиттер дэх хуудсандаа бичсэн байна.


Америкийн Питтсбург хотын еврейн сүмд бямба гарагийн өглөө хүмүүс ёслол үйлдэхээр цугласан байх үеэр халдсан юм. Гэмт этгээд сүмд орж ирэн семит хэлтнүүд буюу араб еврейчүүдийг эсэргүүцсэн утгатай үг хашгиран хэлснийхээ дараа гал нээсний улмаас 11 хүн амиа алдсан билээ. Хэргийн газар цагдаа нар ирэх үед уг этгээд тэдэнтэй буудалцаж эхэлсэн бөгөөд дараа нь шархдаж бууж өгсөн байна. 

Холбоотой мэдээ