Нийслэлийн шилдэг ААН-үүдээр “Монгол Базальт”, “Circle”, “Денимон” компаниуд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-30 09:18:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда-2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Улаанбаатар хотын 379 жилийн ойн өдөр болж шилдгүүдээ шалгарууллаа. Нийслэлийн шилдэг ААН, бүтээн байгуулалтын шагналаар барилга, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

 

  • Шилдэг франчайзинг компаниар “Circle K” конвениенс дэлгүүр. Тус дэлгүүр нь одоогийн байдлаар дэлхийн 25 улсад 12.547 салбар дэлгүүртэй. Олон улсын хэмжээнд нэгдсэн нэг стандарт баримтлан ажилладагаас гадна тухайн улс орныхоо хууль дүрэм, стандартыг мөн мөрдөж ажилладаг юм.
  • Шилдэг барилга байгууламжаар “Бид энд Бид” ХХК-ийн “Шинэ сонголт” их дэлгүүр. Газар хөдлөлтийн 8 балдд тэсвэртэй, төмөр бетон, ган карказаар хийсэн. Орчин үеийн технологи, өнгө хувирах чадварын хувьд нарны гэрлийн тусгалаас хамааран 3 өнгөөр хувирдаг, 3D пасадтай, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тохилог оффисын байр, худалдааны төв юм.
  • Шилдэг дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн салбарын ААН-ээр “Монгол Базальт” ХХК. Эрдэс хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэгч тус компани түүхий эд материал, байгалийн цэвэр чулууг боловсруулан гаргаж авдаг. Галд шатахгүй, дуу чимээ, дулаан тусгаарлалт өндөр, байгальд ээлтэй ногоон шошго авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ ажлын хүрээнд хотын төвийн дүүргүүдэд давхардсан тоогоор 150 мянга гаруй иргэдэд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр сууц дулаалах, дулаалсны дараа гарах үр дүнг танилцуулсан сургалтыг явуулсан. Мөн утааны 1-3 дугаар бүсүүдэд төрийн болон өөрийн хөрөнгөөр 100 гаруй айлыг жишиг хороо, загвар өрх болгон дулаалсан.
  • Шилдэг брэндингээр “Денимон” ХХК нь деним боловсруулах технологийг нутагшуулсан оёдлын анхны үйлдвэр юм. Urban brand нэрийн дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж Улаанбаатар хотод 15 салбар дэлгүүр, орон нутагт 16 гэрээт борлуулагчаар худалдаалдаг. Уламжлалт Монгол үндэсний хувцсыг өдөр тутмын чөлөөт хэв маягтай хослуулсан “Хүрээ” коллекцээ олны хүртээл болгоод байгаа бөгөөд Монгол үндэсний хувцас борлуулалтаар зах зээлд тэргүүлэгч болжээ.
  • Шилдэг авто зам, дэд бүтцийн салбарт БНХАУ-ын ЭСЯ шалгарлаа. Монгол Улс болон Улаанбаатар хотын хэмжээн дэх гүүрийн төслийн ажил нь 3 хэсэгт огтлолцсон анхны олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж юм. Уг зам нь нийт 250.2 м урт, 20.5 м өргөн газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй. Улаанбаатар хотод анх удаагаа хийж буй гүүрэн байгууламж юм.Тусгай байрт:

Ус сувгийн удирдах газар

Нийслэлийн Авто зам хөгжлийн газар

“Дүнхэн уулын буурал улиастай” ХХК

“Үлэмж органик” ХХК тус тус шалгаран нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2018” цом гардан авлаа.

 

 Зургаа дахь удаагаа болж буй нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2018”-г гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү нар болон албаны бусад хүмүүс оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ