Дүрвэгсдийг өшиглөн, дэгээдэн унагаасан эмэгтэйн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-31 12:41:03
twitter.com/Nyamkanmk

БУДАПЕШТ. /ВВС/. 2015 онд хилийн зурвас дээр дүрвэгсдийг өшиглөж, дэгээдэж унагаасан зураглаач Петра Ласло гэх эмэгтэйн хэргийг Унгарын дээд шүүх хэрэгсэхгүй болжээ.


Унгарын доод шатны шүүх түүний гаргасан үйлдэлд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноогоод байсан юм. Гэвч дээд шүүх өчигдөр хуралдаж, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буруу үйлдэл гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


2015 оны есдүгээр сард Унгар-Сербийн хил дээр уг хэрэг болсон бөгөөд тухайн үед цагдаа нарын саадыг давахаар гүйж явсан дүрвэгсдийг Петра Ласло дэгээдэн, өшиглөж байсан нь дүрс бичлэгт бууж, олон нийтэд цацагдсан юм.


Бичлэг олон нийтэд цацагдсаны дараа түүнийг ёс суртахуунгүй, хууль бус үйлдэл гаргасан хэмээн олон улсад шүүмжилж эхэлсэн юм. Удалгүй олон нийтийн шүүмжлэл газар авсантай холбогдуулан Унгарын “N1TV” телевиз түүнийг ажлаас халсан байна.


Харин түүний хөлд тээглэн унасан аав хүү хоёр Испанид орогнох эрх авсан бөгөөд тус улсад хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ.






Холбоотой мэдээ