Хөдөөгийн суманд хүүхдийн хувийн эмнэлэг үүдээ нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-31 15:12:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хүүхдийн анхны хувийн эмнэлэг үүдээ нээлээ.

Хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх, мөн сумын эмнэлгийн ачааллыг хуваалцах үүднээс Баянгол суманд хүүхэд, чих хамар хоолойн анхны хувийн амуулин" эмнэлэг шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус эмнэлэг нь 0-16 насны хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж үзлэг оношлогоо, эмчилгээ хийх зорилготой юм. Түүнчлэн сумын иргэд, хүн амд чих хамар хоолойн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг давхар явуулах ажээ. Шинэхэн эмнэлэг анхны үйлчилгээгээ сумынхаа цэцэрлэгийн хүүхдүүдэд хамар залгиурын үзлэг хийж, витаминжуулалтад хамруулах үйл ажиллагаагаар эхлүүлсэн байна. Намуулин эмнэлгийг үүсгэн байгуулагч, их эмч н.Нарантуяа олон жил сумынхаа ЭМТ-ийн эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай, өөрөө хүүхдийн эмч мэргэжилтэй аж. Баянгол сум 5700 гаруй хүн амтай, эдний 30 хувь буюу 1500 гаруй нь 0-16 насны хүүхдүүд байдаг гэнэ. Тус сум Сэлэнгэ аймгийн хүн ам олонтой томоохон сумдын нэг. Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр ханиад томуу, амьсгалын замын өвчлөл ихэсч сумын эмнэлэг ачааллаа даахгүй болдог байна. Иймээс энэхүү ачааллыг хуваалцах, цаашлаад сумынхаа хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн төгс хүргэх үүднээс энэхүү эмнэлэг үүдээ нээлээ хэмээн тус эмнэлгийн эрхлэгч н.Нарантуяа хэллээ.

Холбоотой мэдээ