Шуурхай ажлын хэсгийн ажилтнууд шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-31 17:27:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зам засвар арчлалтын Талын зам компанийн Мөнххаан суман дахь шуурхай ажлын хэсгийн ажилчид шинэ байшинтай боллоо. 35 жилийн турш үе үеийн ажилчид халуун хүйтний аль ч улиралд гэрт амьдарч ирсэн бол ийнхүү шинэ байшинтай болсноор тав тухтай орчинд амьдарч, ажиллах боломжтой болжээ.


Мөнххаан суман дахь шуурхай ажлын хэсэг нь таван ажилтан, гурван техник хэрэгсэлтэй. Жилийн дөрвөн улиралд зам давааны цэвэрлэгээ, арчилгаа, замын тэмдэг байрлуулах, эвдэрч сүйдсэнийг засаж янзлах ажлыг хийж гүйцэтгэдэг байна.

“Компанийн 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар богино хугацаанд энэхүү барилгыг барьж гүйцэтгэн, ашиглалтад оруулаад байна. Ажилчид маань жилийн дөрвөн улиралд л гадаа ажилладаг хүмүүс. Ялангуяа өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаад дангинасан хүйтэн гэрт орж ирдэг байсан бол энэ жилээс ийм байдал үгүй болж, ядаж л ачаалалтай ажиллаад ирэхэд амьдарч буй газар нь дулаан тохитой байлгахыг зорьсон. Шаардлагатай тохиолдолд цахилгаанаар байшингаа халаах боломжтой. Байгууллагын зүгээс ажилчдынхаа ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах тал дээр цаашид ч тогтмол анхаарч ажиллана. Тэгж байж ажилчид маань ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үүнийхээ хэрээр ажлын бүтээмж нь дээшлэх болно. Шинэ барилгын нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд биечлэн оролцож, манай ажилчдад салбарын болоод аймгийн шагналуудыг гардуулсан өгсөнд ажилчид маань үнэхээр их баяртай байгаа. Ер нь энэ он манай байгууллагын хувьд олон ололт, амжилттай жил байлаа. Шуурхай ажлын хэсгийнхэн шинэ байртай болсон бол компанийн тухайд 2004 оноос хойш ямар ч техникийн шинэчлэл хийгдэлгүй явж байгаад энэ онд ЗТХЯ-аас цоо шинэ авторгидер болон шороо тэгшлэгч, мөн ковш машин хүлээж авсан.” гэж Талын зам компанийн захирал Т.Бямбадорж хэллээ.

 

 

Холбоотой мэдээ