Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-02 12:53:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж батлав.

Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 407.6 тэрбум, зарлагыг мөн 407.6 тэрбум байраах тусгасан юм. Ирэх оны төсөвт цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг тусгасан. Мөн ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг эхлүүлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгажээ. Харин төсвийн алдагдлын дийлэнхийг гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх нийслэлийн шинэ цэвэрлэх байгууламж, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын төсөл зэрэг эзэлж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн, “Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг наашлуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсч байна. 2019 он гарсны дараа төсвийн тодотгол хийх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий” хэмээв.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хугацаа дууссаны дараа дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг Төсвийн байнгын хорооны гишүүн Б.Чойжилсүрэн дурьдлаа. Түүнчлэн эдийн засгийн сэргэлт дөнгөж эхэлж байгаа энэ үед бид хөтөлбөрийг зогсоох эрсдэлтэй алхам хийж болохгүй хэмээн тайлбарлав.

Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн төсвийн үргүй зардлыг бууруулах чиглэлд ямар бодлого баримталж буйг тодрууллаа. Тэрбээр, “Төрийн албаны дарга нарын тансаг хэрэглээ, орон тоог цөөрүүлэх талаар ямар ажил хэрэгжүүлэх вэ” гэлээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн зарлага 2018 оныхоос 700 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүний дийлэнхийг ирэх онд нэмэх цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн зардал эзэлж байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэллээ.

Өндөр хөгжилтэй орнууд жил жилийн төсвийн бодлогодоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг тусгадаг байна. Монгол Улсад ч энэ жишгээр ажиллах хэрэгтэй гэдгийг М.Билэгт гишүүн онцлоод, “Дотоодын хөнгөн үйлдвэрийг дэмжих, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь туслах асуудлыг татварын бодлогоор хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Харин Л.Энх-Амгалан гишүүн сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв болон мөнгөний бодлого харилцан уялдаагүй явж ирснийг шүүмлэв. Тэрбээр, “Ирэх онд иргэдийн цалинг нэмэхээр төсөвт тусгасан. Харин сүүлийн өдрүүдэд инфляци ихээхэн өсч байгаа. Тэгэхээр цалин нэмсэн ч иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөхгүй байна. Тиймээс Засгийн газар, Монголбанк хамтран төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах, иргэдийн амжиргааг сайжруулах, инфляцийг бууруулах чиглэлд бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй” юм.

Ийнхүү Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Хуралдаан үдээс хойш буюу 15.00 цагт Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ