Төслүүдийн ихэнх нь Улаанбаатарт хэрэгжиж байгааг өөрчилж, хөдөө рүү чиглүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чун Жэ Нам тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн лхагва гарагт хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Чун Жэ Нам тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь Сэлэнгэ аймагтай танилцахаас гадна Алтанбулаг боомтын үйл ажиллагааг биечлэн үзэх, мөн БНСУ-аас санхүүжилттэй явагдаж байгаа төслүүдийн явцтай танилцах зорилготой юм. Алтанбулаг боомтын тухайд БНСУ-ын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн зарим шинэчлэлтийн ажлууд хийгдсэн гэнэ. Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод 28 жил болж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа ажил үйлс ихэнхдээ Улаанбаатар хотод төвлөрөн явагдаж байгааг элчин сайд ажиллах явцдаа анзааран харснаа энэ үеэр ярилаа. Иймээс цаашид энэ байдлыг өөрчлөх зорилгоор хөдөө орон нутагт томилолт аван ажиллаж байгаа гэдгээ хэллээ.
Энэ оны таван сараас энэхүү албан тушаалд ажиллаж байгаа ноён Чун Жэ Нам Сэлэнгэ аймагт анх удаа ирж байгаа бөгөөд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэлээ. Энэ удаа Сэлэнгэ аймагтай танилцах гэхээсээ илүүтэй орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллах талаар аймгийн Засаг даргатай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Элчин сайдыг дагалдан БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын атташе, консул, КОИКО, Копе байгууллагын суурин төлөөлөгчид ажиллалаа. Төлөөлөгчдийн айлчлал Сэлэнгэ аймагт хоёр өдрийн турш үргэлжиллээ.