“Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Лир ван” жүжгээрээ “Гранпри” хүртэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-12 19:07:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран улс даяар зохион байгуулж байгаа тайзны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын уралдааны зүүн бүсийн шилдгээр “Саран хөхөө” театрын уран бүтээлчид шалгарлаа.

Дорноговь аймагт 11 дүгээр сарын 05-наас 08-нд болсон орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг сорьсон бүсийн шалгаруулалтад Өмнөгөвь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн театрын уран бүтээлчид оролцоход Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид  “Лир ван” жүжгээр шалгарч “Гранпри” цом, өргөмжлөл,  таван сая төгрөгийг гардсан юм.

Шилдэг эрэгтэй туслах дүрийн тэргүүн байрт Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын жүжигчин А.Баярсайхан, дэд байрт Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын жүжигчин Б.Сандагсүрэн, шилдэг эмэгтэй туслах дүрийн дэд байрт Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын жүжигчин Э.Золзаяа, шилдэг эмэгтэй гол дүрийн тэргүүн байрт Дорнод аймгийн Хөгжимт, драмын театрын жүжигчин Т.Халиунсор, дэд байрт “Саран хөхөө” театрын жүжигчин Ч.Одондэмбэрэл, шилдэг эрэгтэй гол дүрийн тэргүүн байрт  Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын жүжигчин Б.Даваахүү, дэд байрт Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчин Н.Бямбасүрэн шалгарав.

Шилдэг хөгжмийн зохиолчоор Өмнөговь аймгийн Хөгжимт, драмын театрын хөгжмийн зохиолч Д.Балганцэрэн,  шилдэг зураачаар Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын зураач Ю.Дамдин, дэд байрт Өмнөговь аймгийн Хөгжимт, драмын театрын зураач Я.Санжаасүрэн, шилдэг найруулагчийн тэргүүн байрт Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, найруулагч Н.Пүрэвдорж, дэд байрт Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын найруулагч С.Ариунбаямба нар шалгарлаа.

Дашрамд дурдахад театрын урлагийнхны шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” 2012 оны наадмын  оны шилдэг тайзны зураачаар Дорноговь аймгийн Саранхөхөө театр зураач Ч.Эрдэнэбаатар “Скапений дамшиглал” жүжгээр, оны шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр жүжигчин А.Баярсайхан, оны шилдэг найруулагчаар  “Скапений дамшиглал”  жүжгийн найруулагч “Саранхөхөө” театрын одоогийн дарга УГЗ Н.Пүрэвдорж нар шалгарч байсан юм.  

Холбоотой мэдээ