Бидэн дээр туссан сүүдэр ба өөр өнгө

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-11-13 18:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Гэрэл зурагчин Б.Тамирын “Shadow on us” буюу “Бидэн дээр туссан Сүүдэр” үзэсгэлэн нээлтээ "MN" арт галерейд нээлтээ хийгээд удаагүй байна. Нэрнээс нь л галлерейд тавигдсан зургуудын цогц утга агууламж нь илрэх тус үзэсгэлэн бусад мэргэжлийн зурагчдын бүтээлүүдээс огт өөр сэдвийг дотроо агуулж байлаа. 


Уг үзэсгэлэн нь гэрэл зурагчин Б.Тамирын анхны бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр Mонголын Урлагийн Зөвлөл, Швейцарь улсын “Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан”-тай (FDDM) хамтран хэрэгжүүлж буй “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд үзэсгэлэнгээ гаргажээ.


ӨӨР ӨНГӨ




Гэрэл зургийн ихэнх үзэсгэлэн өнгөлөг бөгөөд монгол орны байгалийн сайхан, уламжлалт ахуйг дүрсэлсэн байх нь элбэг. Мөнхүү түүхэн бөгөөд спортын гэрэл зургуудын үзэсгэлэнг ч жил бүр тогтмол гаргах болсон. Харин тэдгээр үзэсгэлэн бүр өөрийн гэсэн нийлмэл цогцтой ба нэг сэдвийг олон талаас нь харуулдаг. Гол нь зураг бүр тухайн уран бүтээлчийнхээ сэтгэлийн илэрхийлэл болж оршдог билээ.


Б.Тамирын ихэнх зургууд хар цагааны хосолмол дүртэйгээр кадрт буужээ. Ойртож дөхөөд ирвэл харанхуй бидэнд хамгийн дотно, нандин зүйл шиг санагдана. Сүүдэр тусч буй газар л гэрэл ч мөн оршиж байдаг. Энэ санааг түүний гэрэл зургууд бүрнээ илтгэнэ. Тиймдээ ч хар цагаан гэрэл зургууд нь бараан метафизик төсөөлөл олгохоос илүүтэй огт өөр өнгийг цацрааж байв.


ЧИМЭЭГҮЙ ТӨРХ




“Хөлийн чимээнээр ятуу дэрхийн нисэхтэй адил бидний үйлдлээс үнэт чанар үүсдэг” хэмээн Жан Поль Сартр хэлсэн байдаг. Тэгвэл уг гэрэл зургууд бидний үйл хөдлөлийн тусгал юм. Бид эх дэлхийгээ хэрхэн өөрчилж орхисныг үзэсгэлэнд дэлгэгдсэн ихэнх зурагнаас харж болно. Чухам хүмүүсийн үйл хөдлөлийн сүүдэр л байгаль дэлхийн үзэсгэлэнт сайхан оршихуйг үгүй хийжээ. Үүний гэрч нь эдгээр зургууд болж хальснаа бууж үлдээд буйг үзэгчид сэхээрсэн болов уу. Нөгөөтэйгүүр гэрэл зурагчны харах өнцөг, ур чадвар нь бусдаас эрс ялгамжит шинжтэйг зургуудаас үзэж болно. Энэ нь түүнийг оршихуйн бодит байдлыг элдэв чимэггүй байгаа чигээр нь үзүүлэх зорилготой нь нягт холбоотой. Чимээгүй ахуйгаас ургасан дүр хэзээд үнэн байдаг.


Негативыг тодруулах хороор дамжуулсны дараа гэрэл мэдрэх цаасан дээр гэрлийн тусламжтайгаар буулгахад зөв дүрс гардаг. Цаасан дээр буусан энэ дүрсийг позитив буюу гэрэл зураг хэмээн нэрлэх болсноор хүн төрөлхтөн цаг хугацааны хувьд олон жилийг ардаа үджээ. Харин позитивыг цаасан дээр биш гэрэл зургийн шил буюу хальсан дээр буулгасан байвал диапозитив гэж нэрлэдэг. Өнгөт ба хар цагаан диапозитивийг үзэсгэлэн, чимэглэлд ашигладаг байв. Харин өдгөө энэ нь бидний үйл хөдөл, гэрэл сүүдрийн олон шинж чанарын үүтгэл болж цаасанд буух болсноор шинэ дэвшил бүрэлдэн тогтсон бөгөөд энэ нь “Бидэн дээр туссан Сүүдэр” үзэсгэлэнгийн гол сэдэв болсон байна.


ХАР ЦАГААН ДЭЛХИЙ




Хүн төрөлхтнийг өнгөрсөн цаг хугацаагаар аялуулахад гэрэл зураг хамгийн бодитой үүргийг гүйцэтгэх болсон. Харин өмнө нь үүнийг уран зураг гүйцэтгэж байсан боловч зураачийн арга барил, төсөөллийн орон зай нь бодит ахуйгаас өөр байв. Тэгвэл гэрэл зураг ч өдгөө уран зургийн адил урлаг болтлоо хөгжжээ.


Мэдээж зарим уран бүтээлчийн хувьд гэрэл зураг нарийн мэдрэмж шаардсан адармаатай зүйл байдаг. Сюрреализмын тулгуур зарчим баримтлагчид харин гэрэл зургийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж үзнэ. Уран бүтээлч Б.Тамирын хувьд ч ийм боломж, чадвар буйг зургууд нь илтгэн харуулна.


Өөрийн дүрснээс өөр аймшигт зүйл үгүй тухай Японы адал явдалт зохиолын эцэг Рампогийн өгүүллэгт гардаг шиг бидний тусгасан сүүдэр дэлхийг хэрхэн өөрчилж орхисон бэ? Хариулт нь мэдээж өгүүлж буй үзэсгэлэнгээс тодорч байна. Нөгөөтэйгүүр бидэн дээр туссан сүүдэр дээр бид өөрсдөө дахин сүүдэр тусгах боломж бий юу, тэгвэл хэрхэх вэ гэсэн ойлгомжгүй асуултууд ч урган гарна. Чухамдаа ийм л асуултанд хариулт өгөхийг шаардсан хар цагаан дэлхий "MN" арт галерейд сүндэрлэн босчээ. 


Хувь уран бүтээлчийн өөрийн намтар нь хийсэн "уран бүтээл” нь байдаг. Тиймээс бид гэрэл зурагчнийг аялагч, мөрөөдөгч гээд хүссэнээрээ тодорхойлж болно. Гагцхүү түүний дотор нуугдах дотоод ертөнцийн илэрхийлэл, сэтгэлийн зөрчилт байдал, хөндүүрлэл, гоо зүйн үзэмжийг мэдэхийг хүсвэл “Бидэн дээр туссан Сүүдэр” үзэсгэлэнг зориход хангалттай.


 

 

 

 

Холбоотой мэдээ