Монголын компаниуд дэлхийд хүлээн зөвшөөрсөн лого, гэрчилгээ хэрэглэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-15 13:24:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ онд “Олон улсын итгэмжлэлийн форум байгууллагад (IAF)-д нэгдэн орсноор манай бизнес эрхлэгчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лого бүхий гэрчилгээ хэрэглэх, улмаар өрсөлдөх чадвар нь дээшилж заавал гадаадын өндөр үнэтэй Баталгаажуулалтын байгууллагаар үнэлгээ хийлгэх шаардлагагүй болсныг өнөөдөр болсон “Үндэсний чанарын чуулган-2018” дээр Стандарт, хэмжил зүйн газрын  дарга Г.Гантөмөр онцолж байв.

“Дэлхийн Чанарын өдөр”-ийг 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд манай улсын хувьд энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд “Чанар итгэлийг бий болгоно” гэсэн уриан дор улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чанар, чанарын дэд бүтцээр хэрхэн дэмжлэг үзүүлэх, олон улсын чиг хандлагатай нийцэж ажиллахад анхаарал хандуулах зорилгоор Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж байна. Түүнчлэн чанарын төлөө эрмэлзэл, зорилготой ажиллаж байгаа ААН, байгууллага, хувь хүмүүсийн ажлын ололт амжилтыг дүгнэж, тэдний санал бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцож, засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж ажилладаг талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр хэлж байв.


Мөн энэ жил шинэчлэн батлаад буй Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ААН, байгууллагуудад таниулах, экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл хамрах хүрээг өргөтгөхөд хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлаар оролцогсод мэдээлэл хийж солилцож байна. 

“Үндэсний чанарын хөтөлбөр”-тэй уялдуулан Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ-аас хамтран олгодог Үндэсний чанарын шагналыг энэ жил менежментийн тогтолцоогоо олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлж буй “Энержи Ресурс”, чанарын шаардлага хангасан самнасан ноолуураа Итали улсад гаргаж буй “Ханбогд кашмер” ХХК, мөн тээвэр ложистикийн “Терра экспресс” ХХК тус тус хүртлээ.


Манай улс “Дэлхийн чанарын өдөр”-ийг 15 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол “Үндэсний чанарын шагнал”-ыг 4 дэх жилдээ олгож байна. 

Тодруулга: Стандарт, хэмжил зүйн газар нь дотоодын үйлдвэрийн болон экспортийн бүтээгдэхүүний  чанар, аюулгүй байдал нь холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад тохирч байгааг, мөн олон улсын дэвшилтэт удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснийг тохирлын баталгаажуулалтаар нотлох үйл ажиллагааг явуулдаг юм.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ