Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө үнэгүйдэж байгааг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-16 22:53:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийсэн юм. Тэрээр шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг үндэслэн тус аймагт төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө үнэгүйдэж байна хэмээн дүгнэсэн байна.

Тухайлбал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс сүүлийн хоёр жилийн хугацаанд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө акталж, данснаас хасчээ. Ингэхдээ байгууллагын үндсэн хөрөнгийг захиран зарцуулах, хувьчлах, худалдах, устгах, элэгдэл хорогдлыг тооцсон зүйл байхгүй, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, хувьчлах, устгахад холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг авалгүйгээр хөрөнгийг акталсан гэмээн ажлын хэсгээс дүгнэжээ.

Мөн сумын ИТХ нь тухайн орон нутгийнхаа хөрөнгийн өмчлөгч нь байхаар хуульчилсан байтал аймгийн ИТХ-аас сумын ИТХ-ын эрх хэмжээнд халдаж хөрөнгийг нь худалдах, хувьчлах, бусдын өмчлөлд шилжүүлэх, акталж устгах шийдвэрийг гаргасан, ашиглалт хэвийн, цаашид үйл ажиллагаандаа ашиглаж болохуйц тоног төхөөрөмж, эд хөрөнгийг актлаж хассан, ашиглагдаж болохуйц хөрөнгийг эргүүлэн эргэлтийн хөрөнгөнд ашиглах талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй, орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад тавих хяналт сул байна  хэмээн үзжээ.

Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгаж, цаашид дахин давтахгүй байх, зарим шийдвэрүүдийг дахин хэлэлцэж хүчингүй болгох арга хэмжээ авахыг ажлын хэсгээс эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ