Газрын тосны хайгуул хийж байгаа хэсэгт хилийн хяналтын пост тогтмол ажиллуулахаар шийдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-11-17 21:25:10

Сүхбаатар /МОНЦАМЭ./ Эрдэнэцагаан сумын ард иргэдээс ирсэн гомдлын дагуу тус сумын нутагт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Макс ойл ХХК-ийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг танилцаад ирлээ.

Тус компанийн талаар иргэдээс ирсэн гомдолд, хайгуулын ажлаа хийхдээ Монгол Улсын дархан хилийн аюулгүй байдлыг алдагдуулан, хилийн хамгаалалтын торыг эвдсэн, өрөмдлөгийн ажлаас болж хэд хэдэн булаг шанд ширгэсэн, үүний улмаас ан амьтан усгүйдэн дайжиж байна. Мөн монгол эзэнтэй боловч гадны хөрөнгө оруулалттай компани учир ард иргэд үйл ажиллагааг нь эсэргүүцэж байна хэмээжээ. Тиймээс ажлын хэсэг холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамтаар газар дээр нь очиж ажилласан юм.

Макс ойл ХХК нь Эрдэнэцагаан суманд 2017 оны намраас хайгуулын ажлаа эхлүүлжээ. Одоогоор нэг цооног буюу 770 метр гүн өрөмдлөг хийсэн ч газрын тос илрүүлээгүй бөгөөд энэ онд мөн нэг цооног тавих зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байгаа юм байна.

“Энэ хайгуулын зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу олгодог учир компанийг хуулийн дагуу ажиллаж байгаа гэж найдаж байна. харин орон нутгийн зүгээс хууль хяналтын байгууллагууд маш сайн хяналт тавьж ажиллах ёстой. Тэрнээс Засгийн газартай байгуулсан гэрээг цуцлах эрх аймагт байхгүй. Бид уул уурхайн компаниудаа дэмжиж ажиллана. Гагцхүү хариуд нь ил тод, хариуцлагатай байхыг л хүсч байгаа. Тиймээс уул уурхайн компани хийж байгаа ажил, шаардлагатай бичиг тоотоо бүгдийг үзүүлж, танилцуул мөн нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгаа талаараа дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Хамгийн гол нь ямар ч компани хуулийнхаа хүрээнд ажиллавал хаа хаанаа асуудал үүсэхгүй” гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар санууллаа.

Ажлын хэсэг хяналт шалгалтаар ямар нэг ноцтой зөрчил илрүүлээгүй бөгөөд сум орон нутгийн иргэдийн гомдол хүсэлтийг шийдвэрлэж, нэн даруй хилийн торыг засварлаж бусад жижиг зөрчлүүдээ арилгах үүрэг чиглэлийг компанийн удирдлагуудад өглөө. Мөн тус хэсгийн газар нутагт хилийн хяналтын постыг тогтмол ажиллуулах шийдвэрийг гаргажээ.

Холбоотой мэдээ