ЧИН СЭТГЭЛИЙНХ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-11-19 13:31:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “Од ба Гэгээ” кино Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн билээ. Тэгвэл тэрхүү үйл явдлаас хэдхэн хоногийн дараа “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч Монголын үзэгчдэд  хүрсэн юм. Киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тогложээ.


Кино эхлэхэд номин ногоон тал нутаг үзэгдэх бөгөөд гол дүрийн залуу болох Од машинаас гарч ирэн нэлээдгүй хол очсоноо тэнгэр ширтэн хэвтэнэ. Тухалсан газрын эргэн тойрны цагаан цэцэгс нь тэнгэрийн ододыг газарт ургуулсан шиг сэтгэгдэл төрнө. Зүгээр л түүнийг амрахаар хэвтэж байна гээд төсөөлөөд үзье.


ХУРААНГУЙ ӨГҮҮЛЭМЖ




Од бол залуу дуучин бөгөөд олонд танигдаж яваа уран бүтээлч. Гэвч түүнд цэнгээний газар дуулах хийгээд өөрийн зохиосон дуунууд нь огт таалагдсангүй. Нэг ёсондоо тэр өөрийгөө “жинхэнэ уран бүтээл” хийж үл чадаж буйдаа эргэлзэх бөгөөд бодол дундаа төөрнө.


Харсан зүгтээ зугтаж, дуу дуулахаас ч нэгэнтээ залхсан тэрээр ийн явахдаа өөрийн үнэ цэнэтэй бүхнээс холдон оддог. Гэтэл ажлын газрын хамтрагч Гэгээгийн ээж уртын дуу дуулж өгөх бөгөөд түүнийг нь утсан дээрээ хурааж авснаа гэнэт сонсоно. Энэ үед ч Гэгээгийн хэлсэн “Дууг чихээрээ бус зүрхээрээ сонс” гэх үгсийг санадаг. Гитараа барин сууж аялгуу тоглож эцэст нь инээмсэглэсээр дэрэн дээрээ унана. Тэр хайж явсан зүйлсээ олжээ. Ингээд өөрөөсөө түлхэж явуулсан үнэт зүйлс болох хамтлагийн найз нөхдөө олж авснаар барахгүй удаан уулзаагүй аав ээж, дүү нар дээрээ очно. Эцэст тэр хөгжмийн үнэнч хамтрагч, сэтгэлт бүсгүй Гэгээг ч олж авч чаддаг билээ. Энэ нь нэг ёсондоо дуу хөгжмөөр дамжуулан өөрийгөө таньж мэдэх үйл явц юм.


Энэ бүхэн хийгээд төгсгөлийн өгүүлэмж нь өнгөрсөн онд дэлхий нийтийг шуугиулсан “Ла ла ланд” киноны зохиолыг санагдуулна. Гэвч энд өрнөх хотын амьдрал, залуусын тоглосон хөгжим, дуу зэрэг нь ямар нэг давтагдашгүй мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж байв.


ХӨГЖИМ БА ТҮҮНИЙ ТОДОТГОЛ




Урлагт байдаг нийтлэг зорилго яг юу вэ? Хүн төрөлхтөн киногоор дамжуулан юу илэрхийлэхийг зорьсон юм бол? Тэд зүгээр хийхийг хүссэн учир дүрслэлийн нийлмэл өнгөнөөс бүрдсэн дэлгэцийн үйл явдлыг тодорхойлох болсон уу гэвэл “үгүй” гэх хатуухан үнэнтэй тулгарна. Кино урлагт байдаг маш энгийн, нийтлэг зорилго нь гумманистуудыг бэлтгэх хийгээд хүний мөн чанар, сэтгэл зүйн онцлогийг нээн харуулах, өөрийн үндэстнийг дэлхий нийтэд зөвөөр ойлгуулахад чиглэгдсэн байдаг.


“Од ба гэгээ” кино энэ бүх шаардлагатай тулгарсан нь мэдээж. Дээрх олон асуултанд төгс хариулт өгч чадахгүй ч гэсэн киноны хувьд ихэнхийг нь биелүүлсэн санагдана. Өдгөө дэлхий нийт биднийг уудам тал нутаг, уул ус, нүүдэлчин ахуйгаар л төсөөлж хардаг. Тэгвэл монголд ч бас өндөр шилэн барилгатай өөрийн гэсэн хэмнэл, хөдөлгөөнтэй хотын амьдрал байдаг юм шүү гэдгийг илүүтэйгээр харуулсан нь тус киноны нэгээхэн онцлог шинж юм.


Утга уянгын мюзикл жанрт хамаарах эл кинонд “Хөгжмийг чихээрээ бус зүрхээрээ” сонс хэмээн Гэгээ гэх бүсгүй Одод хэлж буй нь гол философи санаа байв. Хөгжмийг тэд ингэж тодорхойлжээ. Харин энэхүү утга санаа бүрэлдэх үйл явц Гэгээгийн ээжийн дуулсан уртын дуугаар дамжин илэрхийлэгдэж байгаа нь нэн олзуурхууштай. Мөнхүү кинонд эгшиглэх дуунуудаар дүрүүдийн үйл хөдлөлийг хооронд нь уялдуулан нааж өгсөн нь оновчтой шийдэл байсныг дурдууштай. Гэгээгийн уян зөөлөн, шудрага, тууштай зан чанарыг дүрийн үйл хөдлөл бус дууны үг, аялгуугаар дамжуулан үзэгчдэд хүргэж байлаа.


УЛААНБААТАРЫН ӨНГӨ




Цэнгээний газрын гэрлүүд, машины хөдөлгөөн, хүмүүсийн алхааны түргэн хэмнэл, шөнийн Улаанбаатарын неон гэрлийн эрх чөлөө бүгд нийлээд киноны гол сэдэвт агуулагдах урьдач нөхцлийг бий болгож өгнө. “Говийн домог” кино морин хуурын яруу тансаг аялгуу бүрийг үзэгчдийн сэтгэлд шингээж дэлгэцэнд амилуулахыг хичээсэн бөгөөд үүнд говь нутаг хамгаас илүү тохирох нь ойлгомжтой.  Харин “Од ба Гэгээ” кино орчин үеийн хөгжмийн сэдэвтэй учир Улаанбаатар хот л зураг авалтын хамгийн сайн объект болж таарна.


“Од ба Гэгээ” уг чанартаа хотын тухай кино. Улаанбаатарын хурдацтай хэмнэл дунд өөрсдийгөө бүтээж яваа залуус, тэдэнд тулгарах асуудал, өөрсдийг нь аз жаргалтай болгож буй зүйлс гээд олон шинж чанаруудыг найруулагчид нэг дор цогцлоон бүтээж чадсан байна. Дүрүүдийн үйл хөдлөл бүрт хамт хувьсан өөрчлөгдөж буй хотын хэмнэлийг анзаарахгүй байж болохгүй.


Мөн ятга, морин хуур зэрэг монгол үндэсний хөгжим орчин үеийн хөгжимтэй хэрхэн хосолж буйг тод томруунаар үзүүлсэн бөгөөд хотын хөдөлгөөн, элдэв дуу чимээнээс залхаж, өөрийгөө үл ойлгох сэтгэлзүйн түвшинд шилжсэн Од хөдөө нутагт очиж тэнгэр ширтэн хэвтэх зэрэг нь уламжлал болоод энэ цаг үе хоёрын яруу сайхан хослол болж өгчээ.


“Гайхамшигт нислэг” кино нь нэлээдгүй амжилтанд хүрсэн хоёр найруулагч тус киногоор өөрсдийгөө уран бүтээлд “чин сэтгэлээ” зориулж чаддаг гэдгээ батлан харуулав. Тодруулбал Одын байр хөлслүүлэгч залуу бизнес сэтгэлгээтэй бөгөөд элдэв ажил хийж ихээхэн хэмжээний мөнгө олох тухай үргэлж ярина. Харин Од эдгээр томоохон санааг нь уран бүтээлчийн зөн совингоор “бүтэхгүй” гэдгийг хэдийн мэдчихсэн байдаг. Хотын амьдралын хоёр туйлт зөрчлийг чимхлүүр ажлаар ингэж нарийн гаргасан нь найруулагчдын ур чадварыг илтгэн харуулна.




Цаашилбал гол дүр буюу Одын дүрийг Б.Дөлгөөн яг л өөрийн ахуйд хэрхэн хөлөө дүрж алхдаг, хүмүүстэй яаж харьцдаг тэр хэмжээгээр элдэв чимэггүй урлажээ. Энэ нь киноны үйл явдлыг бодитой болгохоос гадна үзэгчдэд илүү ойрхон мэдрэмж төрүүлж байлаа. Мэдээж Б.Дөлгөөн мэргэжлийн жүжигчин биш байсан нь давуу тал болж өгсөн гэхэд хилсдэхгүй. Тэр бодит амьдрал дээр өрөөндөө гитараа бариад хөгжим тоглож, уран бүтээлээ туурвидаг өөрийн үйл хөдлөлөө байгаа чигээр нь кинонд мөнхөлж орхив. М.Номин-Эрдэний хувьд ч ялгаагүй адилхан. Найруулагчид тэднийг шахаж шаардаагүй бөгөөд зарим жижиг алдаатай хэсгүүдийг ч кинонд байгаа чигээр нь үлдээсэн нь ажиглагдана. Залуу хүмүүс хоорондоо нийлж дуу хийж, хөгжим тоглоход алдаа гаргах үзэгдэл тохиолдоно. Үүнийг засах гэсний хэрэггүй. Хэрвээ засаад орхивол дүрүүдийнхээ үйл хөдлөлийг хязгаарласан хуурай сцен өрнөх байсан нь лавтай.


ЗЭРЭГЦЭЭ ОРШИХУЙ




Чин үнэнийг өгүүлэхэд хөгжим бүтээх санаа бол киноны шинэ зүйл биш. Гагцхүү Улаабаатарын амьдрал, энэ хотын нэгэн эд эс нь болж яваа залуусын хүсэл мөрөөдөл, түүнд хүсэн тэмүүлэх замын уртад тохиох саад, уран бүтээлчийн сэтгэлзүйд гарах өөрчлөлт, юу ч өөрт нь хангалттай бус санагдах бодол санааны урвуу байдал зэргийг маш энгийнээр холбож өгсөн нь “Од ба Гэгээ” киног амьд шинж чанартай шинэлэг уран бүтээл гэж тодорхойлоход хүргэж байна.


Төгсгөл хэсэгт хосууд бие биедээ ойртон суугаад дуулж буй хэсэг гардаг. Энэ нь нар жаргахын өмнөх агшинд болно. Тэнгэрийн хаяа шаргалтан байвч цагаан гэгээ татраагүй ажээ. Энэ үест одод ганц нэгээр гялалзаж эхэлдэг. Тиймдээ ч “Од Гэгээ” хоёул оршин буйг илтгэнэ.


Манай улсын кино урлагт элдэв чимэг, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх гэж хүчилсэн хиймэл дүр, үйл явдалгүйгээр гэгээ татуулсаар нар жаргаж одод гэрэлтэх өдрүүдийн тэр л бяцхан заагт Улаанбаатарын амьдрал хэрхэн өрнөдгийг харуулж чадсан бүтээл нэгээр нэмэгдлээ. Монголын кино урлаг бүдчиж явааг эс тооцвол цаашид ч иймэрхүү бүтээлийн тоо нэмэгдсээр байна гэдэгт үл эргэлзэнэ.



 


 


Холбоотой мэдээ