Мөрөн суманд зөвшөөрөлгүй ШТС барьжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-11-19 16:32:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Түнэл, Арбулаг, Төмөрбулаг зэрэг суманд хяналт шалгалтын үйл ажиллагааг 5 хоног  явуулжээ. Энэ үеэр төрийн байгууллагаас гаргасан хууль бус тушаал шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулах арга хэмжээг авчээ.


Тухайлбал, тус аймгийн Засаг даргын 2016 оны А/546 дугаар захирамжаар “Боловсролын бирж”-ийн журмыг батлан мөрдүүлсэн бөгөөд энэхүү журмаар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерийг сонгон шалгаруулах, ажилд томилох үйл ажиллагааг зохицуулсан байна. Гэтэл уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйн дээр багш сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тодорхой зааж өгөөгүйгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бий болгосон байв. Иймд АТГ-ын хэсгээс уг журмыг хүчингүй болгуулах арга хэмжээ авчээ.


Мөрөн суманд зохих зөвшөөрөлгүй атлаа ШТС барьж ашиглалтад оруулсан байхад аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газар зөрчлийг тухайн үед нь таслан зогсоогүй, улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа тул шаардлагатай арга хэмжээг авах, мөн аймгийн хэмжээнд хийгдэж буй газар олголт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах, хуулийг ялгаваргүй нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулсан байна. Ажлын хэсгээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын болон тус аймаг дахь төрийн байгууллагуудын албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр сургалт хийж, нийтлэг гарч буй зөрчил, дутагдлын талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.

 

Холбоотой мэдээ