Мартин Годау: Бид Монголын экспортыг хөгжүүлэх чиглэлээр 4 бүтээгдэхүүн сонгосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-20 11:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монголын худалдаа, бизнесийг дэмжих TRAM төсөл хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Европын холбооны санхүүжилтээр Монголын бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах зорилгоор TRAM төслийн баг ажиллаж байна. Эхний ээлжинд төслийн баг бараа, бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй ААН-үүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд худалдаа, бизнес эрхлэгчдийн 80 хувь нь экспорт хийхэд хил дээр болон хилийн цаана хүндрэл гарах нь гайгүй, харин хил дотор бичиг баримт бүрдүүлж цуглуулах, дотооддоо гадаад зах зээлийг судлахад хүндрэлтэй байдаг гэсэн хариу өгчээ.

Тухайлбал экспортлогчид 7 төрлийн бичиг баримт бүрдүүлэхийн тулд төрийн 10 гаруй байгууллагаар орж 168 цаг зарцуулдаг гэжээ. Тиймээс дотооддоо энэ мэт асуудлыг шийдэхэд арга зүйн зөвлөгөө өгөхөд TRAM төслийн баг чиглэн ажиллаж байна гэж төслийн зөвлөх Мартин Годау хэлж байна.

Тэрээр, “Бид дотоодын худалдаа, бизнес эрхлэгчид гадаад зах зээлд гарахад ямар шаардлага тавигддаг талаар гарын авлага хэвлэж өгч байна. Мөн МҮХАҮТ-ын цахим хуудсанд экспортын үйл ажиллагаатай холбоотой цэс бий болсон. Үүгээр дамжуулан бизнес эрхлэгчид хүссэн асуултадаа хариулт авах боломжтой.



Бид экспортын чиглэлээр чацарганы тос үйлдвэрлэх, гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулах зэрэг 4 салбарын 4 бүтээгдэхүүнийг сонгож Монголын брэнд бүтээгдэхүүн болгон танилцуулж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулахад монголчуудын өөрсдийн хэрэглэдэг гүүний саам, хонины сүүлний өөх, ясны чөмөг зэрэг өвөрмөц бүтээдэхүүнүүд ордог онцлогтой. Үүнийг хөгжүүлж экпсортод гаргах боломжтой юм” гэв.

Европын холбооны худалдаа, бизнесийг дэмжих  TRAM төсөл манай улсад 4 жил хэрэгжинэ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ