Хүүхдүүдийн шүдний өвчлөл буурсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-27 09:52:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл шүд” аяны хүрээнд  хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, шүдийг хамгаалах дорвитой арга хэмжээ авч ажиллах зорилгоор БОЭТ-ийн харъяа хүүхдийн шүдний кабинетыг энэ онд нэгдүгээр сургуульд байгуулсан юм.

Энэхүү кабинетыг орон нутгийн 50 сая төгрөгөөр тохижуулан 80 сая төгрөгийн эм түрхлэг бодис материалыг авч өгсөн байна. Уг кабинетыг нийт 130 сая төгрөгийн төсвөөр байгуулсан бөгөөд нэг эмч нэг сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Уг кабинетыг сургууль дээр байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хоёрдогч болж байгаагаараа онцлог юм. Энд хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийн бүхий л үйлчилгээг үнэ төлбөргүй явуулж байгаа билээ.   

2018 онд сургууль, цэцэрлэгийн 2-7 настай нийт 3897 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас эмчилгээнд 2199 хүүхдийг хамруулж 56 хувийг нь эрүүлжүүлсэн байна. Даланзадгад сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд шүд ломбодох, сувгийн эмчилгээ, шүд авах, шүдний ховил ломбодох эмчилгээнүүдийг хийж шүд цоорлын тархалтыг 11 хувиар бууруулсан байна.

Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүдний кабинетад шинээр 2 эмчийн орон тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмчийн орон тоог нэмснээр шүдний кабинетаар үйлчлүүлэх иргэдийн дарааллын асуудлыг бүрэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээ